Э.Ирэхбаяр
Редактор
Засгийн газар
2025.10.23 13:19
1741
Цэцийн дүгнэлт Г.Занданшатарыг дахин огцруулах гарын үсгийн аяны эхлэл үү

ҮХЦ-ийн Их суудлын хуралдаан өчигдөр /2025.10.23/ болж, талуудын эсрэг тэсрэг байр сууриар “халуухан” эхэлж, “хаалттай” үргэлжилсэн. Хаалттай гэдгийг хашилтад хийхийн учир нээлттэй гэх хэрнээ хэвлэлийнхэн бүрэн дүүрэн авах мэдээлэл авах, баталгаажуулах боломж олгоогүйтэй холбоотой.

Тодруулбал, хуралдааны танхимд болж буй мэтгэлцээнийг шууд дамжуулж байсан гадаах дэлгэцийг унтрааж, хурлын танхимд урьдчилж нэр авсан хэвлэлийн цөөн хэдэн сэтгүүлчийг нэвтрүүлж, чингэхдээ камер, утас зэрэг ажлын багажийг хурааж авсан байгаа юм. Гэсэн хэдий ч орсон сэтгүүлчид боломжоороо тэнд өрнөсөн мэтгэлцээнийг текстээр буулгажээ.

Уг нь Үндсэн хуулийн цэцийн маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т Цэцийн нээлттэй хуралдаанд оролцогчид хуралдааны танхимд тэмдэглэл, соронзон бичлэг, түүнчлэн радио, телевизийн шууд нэвтрүүлэг хийх, кино болон фото зураг авах, дүрс бичлэг хийхийг зөвшөөрнө. гэж заасан байна “Оролцогчид” гэдэгт нэхэмжлэгч, хариуцагч, гэрч, итгэмжлэгдсэн төлөөлөгчдөөс гадна уг хурлыг сурвалжлахаар урьдчилан хүсэлт гаргаж, танхимд нэвтэрсэн хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд ч хамаарна гэдгийг хуульчид хэлж байна. Гэтэл хэвлэлийнхэнд мэтгэлцээнийг шууд дамжуулах, дүрс бичлэгээр баримтжуулах боломж олгоогүй нь өөрөө хуулийн зөрчил гэж үзэх үндэслэлтэй юм.

Дээрх хуулийн 4.1-т Төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээллийг хамгаалах, иргэдийн аюулгүй байдлыг хангах онцгой шаардлагатайгаас бусад тохиолдолд Цэцийн хуралдааныг нээлттэй хийнэ. гэж заасан байдаг. Ерөнхий сайдыг огцруулах асуудал нь Төрийн болон албаны нууц, хүний эмзэг мэдээллийн аль нь ч биш болохоор нээлттэй явуулах ёстой.

Нөгөөтэйгүүр, сэтгүүлчдийн ой санамждаа багтааж буулгасан хуралдааны тэмдэглэлийг уншихад цэцийн гишүүд УИХ-ын гишүүд рүү илт давшилсан, “буланд шахсан” маягтай ажиллах тактик барьсан байгаа юм. Гэтэл маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т Цэц маргаан хянан шийдвэрлэхдээ хуралдааныг хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд илээр, шууд, тасралтгүй явуулах, талуудыг эрх тэгш, чөлөөтэй мэтгэлцүүлэх …  зарчмыг баримтална” гэж заасан байгаа юм. Гэвч энэ тохиолдолд ҮХЦ талуудад эрх тэгш, чөлөөтэй мэтгэлцэх боломж олгосонгүй. Хуралдаан болохоос өмнө гаргасан шийдвэртээ нийцүүлж, хэт нэг талыг барьж ажилласан нь харагдаж байгаа юм.

Хуралдааныг зохион байгуулалт, процесс талаас өнгөцхөн дүгнэхэд, иймэрхүү дүр зураг харагдаж байна.

УИХ-ын тогтоол батлагдах нь байтугай хэлэлцэж эхлээ ч үгүй байхад цэцэд гомдол гаргасан гэдгээс эхлээд оролцогч талуудад бэлтгэл хангах боломж, хугацаа олгоогүй гэхчлэн процессын хувьд дахиад л баахан маргаан дагуулах янзтай.

Гэхдээ ҮХЦ-ийн, тэр дундаа Их суудлын хуралдааны шийдвэр бол эцсийнх байдаг. Монгол Улсын Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т “Хууль, зарлиг, Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн бусад шийдвэр, түүнчлэн Засгийн газрын шийдвэр, Монгол Улсын олон улсын гэрээ нь Үндсэн хуульд нийцээгүй гэж Үндсэн хуулийн цэц шийдвэр гаргавал зохих хууль, зарлиг, батламж, шийдвэр хүчингүй болно.” гэж заасан бөгөөд 67 дугаар зүйлд “Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гармагцаа хүчин төгөлдөр болно.” хэмээн заасан байдаг. Тэгэхээр ҮХЦ-ийн шийдвэр гарсан даруйдаа буюу өчигдрөөс хэрэгжиж эхэлсэн бөгөөд Г.Занданшатар болон түүний танхимын сайд нар үүрэг гүйцэтгэгч бус үндсэн ажлаа хийж байгаа сайд нар болж байгаа юм.

Одоо ялагдсан тал шаралхаж, шазуур  зууж, Ерөнхий сайдыг огцруулах гарын үсгийг дахин цуглуулж, санасандаа хүрэх гэж зүтгэж ч мэднэ. Хүчиндээ эрдсэн, хэт улангассан Г.Занданшатар ч нэгэнт ялалт байгуулсан юм чинь тийм ч амар бууж өгөхгүй.

Намын хагарал тань төрийн зовлон болсон бол удалгүй түмний зовлон ч болж мэдэх нь. Хэлэлцээрийн ширээний ард дөмөгхөн шиг суугаад, тэтгэврээ ахиулах гэсэн ахмадууд, цалингаа нэмүүлэх гэсэн эмч, багш нарыг гэрт нь хариулж үз! Одоо ажлаа хийцгээ. Монгол төрөөр бүү тогло!