m.mn
түрүүлж мэдээлнэ
Боловсрол
2025.10.23 15:38
1638
Ажил хаялт: Сургуулиуд эл хуль, сандал ширээ суралцагчдаа хүлээсээр
Ерийн малчны хотноос
Ертөнцийн дэвжээнд гаргасан
Ерхөг найгасан талаас
Есөн гаригт хүргэсэн
Багш та, хүүхэд шуугисан их өргөөний эзэн юм.
Багш та, хүсэл долгилсон ирээдүйн замын эх юм. АУЗ Ш.Сүрэнжав "Багш" найраглалаас 
 
БГД-ийн Нийслэлийн тэргүүний 13-р сургууль 85 бүлэг 3200 гаруй суралцагчтай. 135 багш, 30 гаруй үйлчилгээний ажилтан гээд нийт 170 хүн төрийн сангаас цалинждаг. Багш нарын үндсэн цалин 1484000 төгрөгөөс эхэлдэг нь өнөөдрийн үнийн өсөлт, инфляциа дааж дийлэхээ больсон. Иймээс ч тэд өнгөрсөн пүрэв гарагаас хугацаагүй ажил хаялт зарлаж, дорж хаяж 1000 ам.долларт хүргэхээр  өнөөдөр зургаа дахь өдрөө үргэлжилж байна. Энэ долоо хоногт ЕБС-ийн сурагч нарын бие даалтын долоо хоног байсан тулд 13-р сургуулийн 140 гаруй багш  "тайван" ажил хаялтаа үргэлжлүүлж байна. 
Гэвч ирэх долоо хоногоос хичээл хэрхэх билээ гэх томоос том асуулт эцэг эхийн дунд ч, багш нарын дунд ч байсаар байна. 
Учир нь гурван талт хэлэлцээр зөвшилцөлд хүрч чадахгүй хэвээр байгаа. Иймээс зөвшилцөлд хүрэхгүй бол ирэх долоо хоногт ч ажил хаялтаа зарлана хэмээн багш нар хэлж байлаа. Багш нар ажил хаялт зарлалаа гээд гэртээ зүгээр суусангүй. Ажлын өдрийн адил өглөө 08:00 цагт ажилдаа ирц ирц цагаа бүртгүүлэн уриа лоозонгоо барьж суусаар орой 17 цагт тарж байгааг хэллээ. Ингэж ажил хаялт зарлаж "юу ч хийхгүй суух" нь ажилтай байх үеэсээ ч зовлонтой байгааг тэд хэлж байлаа. Учир нь бага ангийн багш нар сурагчид нь эрсдэлд өртөхвий,  сурсан зүйлээ мартаж санахвий гэх байнгын санаа зовоостой.  Нөгөөтэйгүүр хүүхэд шуугиж бужигнаж байдаг талбар өнөөдөр эл хул хоосон байгаа нь хэн хүнд эвгүй мэдрэмж төрүүлнэ. Ахмад багш нар ямар сайндаа "Хүүхэд байхгүй л бол сургууль ямар утга байх вэ дээ" хэмээн толгой сэгсэрч суух вэ. 
 
Засгийн газрын зүгээс багш нарын цалинг ирэх жилийн нэгдүгээр сарын 1-нээс хорин хувь, долдугаар сарын 1-нээс 10 хувь нийт 30 хувь нэмэхээр санал болгож буй. Гэвч энэ нь "Үнийн өсөлтөө гүйцэхгүй, ирэх жил нэмэгдэх гэсээр байтал инфляци нь дагаад өсчихнө шүү дээ" гэлээ. Нөгөөтэйгүүр сайд нарын хэлж байгаачлан ачааллын нэмэгдлийг өнөөдрийг хүртэл авч байгаагүй. Бага ангийн багш нар илүү цагийн , дэвтэр засалтын нэмэгдэлгүй байдаг нь ажлын ачааллыг ихээр нэмэгддэгийг учирлалаа. 
 
Бүх багш нарт хоолны 176000 болон тээврийн 11000 төгрөг нэмэгддэг гэлээ. Хоолны зардал өдрийн 8000 төгрөгөөр, унаа өдрийн 500 төгрөгөөр тооцсон нь мөн л бодит үнэлгээнээсээ хол хоцорчээ.
 
Анх ажилд орж байгаа багш нар үндсэн цалингаасаа татвар шимтгэлээ хасаад 1.2 саяыг гар дээр авч байгаа нь бодит үнэлгээ мөн үү хэмээсэн юм. 
Монголбанкны цахим хуудаст Улаанбаатарт хотын инфляци 9.9 хувьтай байна. Тэгэхээр бидний авч буй цалингийн 10 орчим хувь нь инфляцид идэгдэж байна гэсэн үг. 1.2 сая төгрөгийн цалингийн 120 мянга нь инфляцид идэгдвэл бодит цалин нь 1.080.000 төгрөг болох нь ээ. 
Хүн орлогоороо наад захын хэрэгцээгээ хангаж чадахгүй байхыг ядуурал гэдэг. Харамсалтай нь шинээр ажилд орж буй залуу багш,  нийт багш нар ядууралд өртөөд уджээ. Цалин хөлсний болоод нэр төрийг нь сэргээх ажлыг төрөөс яаралтай хийхгүй бол монголын боловсрол тартагтаа тулаад удлаа.  Төр нь ард түмнээ харж сонсдог чих, нүдтэй байя. Тэдний тэвчээр алдарч байна...