

Энхийг сахиулахад үүрэг гүйцэтгэж байгаа цэргийн алба хаагчдын цалин 30/70 байсныг 20/80 болгох шийдвэр Засгийн газар гаргасан. Тодруулбал, офицер, цэрэг, орчуулагч, жолооч, тогооч гээд энхийг сахиулах ажиллагаанд оролцож буй хүн тус бүрд НҮБ-аас сар тутам 1410 ам.доларын цалин хөлс олгодог. Үүний 30 хувийг Засгийн газар, 70 хувийг цэрэгт олгодог байсныг өөрчилж, алба хаагчийн авах цалинг 10 хувиар нэмэгдүүлсэн хэрэг.
Энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа алба хаагч бүрд аль улсын иргэн байхаас үл хамаарч адилхан цалин олгодог аж. Гэхдээ алба хаагчийн цалингаас авч үлдэх хувь нь улс бүрд өөр өөр байна. Алба хаагчдаа 100 хувь олгодог орон ч бий. Цалинг энхийг сахиулах ажиллагаанд алба хаах хугацаа дуусгавар болгох үед бөөнд нь олгодог. Бөөн авах нь хүндээ ч хэрэгтэй байдаг биз.
Олон улсын хамтарсан цэргийн хүчин дайн байлдаан, мөргөлдөөнтэй бүс нутагт талуудын дунд зуучлан хэлэлцээр хийж, галыг зогсоох, талуудыг тусгаарлах, дайны дараа энх тайван байдлыг тогтоох, энгийн иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах, зам, сургууль, цэцэрлэгийн барилгыг сэргээн босгох зэрэг үйл ажиллагааг зохион байгуулахыг энхийг сахиулах ажиллагаа гээд байгаа юм.

Исгэрэх сум, хэзээ ч дээрээс унаж мэдэх бөмбөг, анхаарал сэрэмж алдвал амь насаа алдаж мэдэх эрсдэл дунд алба хааж байгаа гэхэд үнэндээ чамламаар цалин л даа. Өндөр хөгжилтэй орнуудын иргэдийн цалингийн доод хэмжээнд ч хүрэхгүй. Алба хаагч амиа алдсан тохиолдолд ар гэрт нь 50 мянган ам.доллар өгдөг байсан бол 2017 оноос энэ нөхөн олговрыг 70 мянган ам.доллар болгон өсгөсөн байгаа юм. Түүнээс хойш дахиж нэмэгдсэн эсэх талаар мэдээлэл алга. 70 мянган ам.доллар гэдэг бол 245 сая орчим төгрөг. Ядуу орны ядуу иргэдэд их мөнгө байж болох ч эрдэнэт хүний амийг ганц өрөө байрны үнээр үнэлж байгаа нь гомдмоор.
Монгол Улс 2002 оноос эхлэн НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсэн бөгөөд 23 жилийн хугацаанд 22 мянга монгол цэрэг Сьерра Льеон, Судан, Ирак, Афганистан зэрэг дэлхийн арваад оронд энх тайвныг сахиулах үйлсэд хүчин зүтгэсэн байна.
Харамсалтай нь энэ хооронд хоёр цэрэг амиа алджээ. Эхнийх нь эрүүл мэндийн шалтгаанаар нас барсан бол удаах нь машинтайгаа бөмбөгдөлтөд өртсөн гэх мэдээлэл бий. Энд тэндгүй газар дор булсан минын дэлбэрэлтэд ч олон орны цэргүүд шархдах, амиа алдах явдал түгээмэл гардаг байна.
“Алтан дээр суусан гуйлгачин” гэгчээр хөрсөн дороо асар их баялагтай ч иргэд нь нэг бол хүний нутагт барлагийн ажил хийнэ, эсвэл амь дүйсэн алба хаана. Ямартаа л энхийг сахиулахад оролцох гэж цэрэг эрс маань дугаарлаж, “ар, өврийн хаалга” хэрэглэх вэ дээ. Ядуу буурай, хөгжиж буй улсууд л цэргээ илгээж, улсынхаа сан хөмрөгт бага ч болов орлого оруулах сонирхолтой. Одоогоор энхийг сахиулах ажиллагаанд дэлхийн 121 орны алба хаагчид оролцож буй.
Харин АНУ болон баруун европын хөгжилтэй орнууд, азийн “бар” улсууд цэрэг эрсээ тийш илгээдэггүй. Хананы цаана хөрш айлд хэн нэгэн хүчирхийлэлд өртөж хүндхэн байдалд байх үед бид цагдаа дуудаж, тусламж үзүүлдэг шиг нэг л эх дэлхийтэй улс орнууд харилцан бие биедээ санаа тавих нь зүйн хэрэг. Гэхдээ бид чадалтай сан бол хүнийхээ амиар туг тахих биш хөрөнгө мөнгө хандивлаад сууж байх сан.

