Э.Ирэхбаяр
Редактор
УИХ
2025.10.24 12:19
813
П.Наранбаяр: Багш нарын цалинг 3.5 сая төгрөгт хүргэх хугацааг аль болох наашлуулах бодлого чухал

Боловсролын сайд П.Наранбаяраас багш нарын цалинг нэмэх ажил хэр ахицтай байгааг тодрууллаа.

Багш нартай хэлэлцээрийн ширээний ард сууна гэсэн, ойлголцолд хүрэх нь үү?

Бид хэлэлцээр хийхэд үргэлж бэлэн байгаа. Үйлдвэрчний эвлэл бидний тавьсан ажил хэрэгч саналуудад хариу өгөхгүй байна. Хэлэлцээ хийхэд нэг л зарчим байдаг. Харилцан буулт хийх, түүнийгээ цаасан дээр буулгаж баталгаажуулах, баталгаажуулснаа талууд хариуцлагатайгаар хэрэгжүүлэх ёстой. Тэгэхгүй, зөвхөн нэг талын байр суурин дээрээ хатуу зогсоод байх юм бол хэлэлцээр цааш үргэлжлэхгүй. Нөхцөл байдлыг бодитойгоор үнэлж, шийдвэр гаргамаар байна.

Үндсэн цалинг шууд 3.5 сая төгрөгт хүргэх эдийн засгийн нөхцөл байдал хомс байна. Үүнд 3.3 их наяд төгрөг шаардлагатай болно. Засгийн газраас 32 их наяд төгрөгийн төсөв оруулж ирсэн. Үүний 17 их наяд орчим нь урсгал зардал. Тэгэхээр хаанаас 3.3 их наядыг гаргаж ирэх вэ гэдэг нь асуудал болоод байгаа юм. Дээр нь эмч нарын цалин, шинжлэх ухааны ажилтнууд, бусад төрийн алба хаагчдын цалинг нэмэх асуудал босож ирнэ. Ямартай ч багш нарын үндсэн цалинг 3.5 сая төгрөгт хүргэх хугацааг аль болох наашлуулах, төрд нүүрлээд буй авлига, хулгайг нэг мөр таслан зогсоох, эдийн засгийн өсөлтийг шууд хүндээ хүргэх бодлого чухал байна гэдэг дээр хаа хаанаа санал нэг байгаа.

Засгийн газрын тухайд, эхний ээлжид 30 хувиар нэмэх боломжтой гэдгийг дотроо ярилцаж ойлголцсон. Ямар эх үүсвэрээс шийдэхийг Сангийн сайд тодорхой тайлбарласан. Үндсэн цалинг 30 хувиар нэмэх юм бол үндсэн цалин хоёр сая төгрөгт хүрнэ. Цаашид бид цалингийн бүтцийг зоригтой өөрчлөх шаардлагатай. Үндсэн цалин нь амьдралын баталгаа болдог, түүн дээр нэмэгдэл урамшууллууд орж ирдэг нөхцөл байдал руу орох шаардлагатай байгаа. 

Өмнө нь нэг удаа багш нарын цалинг 30 хувиар нэмэгдүүлж байсан санагдана...?

Тийм ээ, төсөв бол улс орны тухайн жилийн нөхцөл байдлын толь. Өмнөх түүхийг харахад 2023 онд багш нарын цалинг 30 хувиар нэмж чадсан байна билээ. Тэр ямар учиртай вэ гэхээр ковидын үед цалинг нэмж чадаагүй учраас гурван жилийн нэмэгдлийг нэг мөр олгосон байдаг. Энэ түүхийг дахин хэрэгжүүлье гэж ярьж байгаа.

Багш нарын цалинг нэмүүлэх талаар дуу хоолой болж байгаа гишүүдэд талархаж байгаа. Гэхдээ зайлшгүй шаардлагатай хөрөнгө оруулалтын талаар хамаагүй ярьж болохгүй. Жишээлбэл, нэг нь ахмадын тэтгэврийг нэмэхийн тулд эмч нарын цалингийн зардлаас хасъя гэх. Төсөвт тусгагдаж байгаа зардлууд өөр хоорондоо уялдах ёстой. Үүн дээр мэргэжлийн хүмүүсийн үгийг сонсох хэрэгтэй.

Багш нарын хувьд ачааллын нэмэгдэл гэж авдаггүй гээд байгаа. Үүн дээр та ямар тайлбар хэлэх вэ?

Энэ нэмэгдлийг ирэх оны төсөвт тусгахаар оруулж ирсэн.

Шууд дамжуулалт үзэх: