Э.Ирэхбаяр
Редактор
УИХ
2025.10.24 17:14
599
Э.Эрдэнэжамъян: ҮХЦ алдаатай шийдвэр гаргавал үүнийгээ засах боломжийг хуульд тусгаж өгсөн байгаа

Хуульч Э.Эрдэнэжамъян, хуульч, судлаач Л.Өлзийдэлгэр нар "Хэлэлцэх асуудлын товд ороогүй асуудлыг нэгдсэн чуулганаар хэлэлцсэн нь Дэгийн хууль зөрчиж байна" гэдэг асуудлаар ҮХЦ-д хандаж байгаа талаар мэдээлэл өглөө. Тэрээр хэлэхдээ:

Үндсэн хуулийн 2 дугаар зүйлийн нэгээс эхлээд заачихсан байгаа. Төрийн байгууламжийн хувьд нэгдмэл байна гэж. Энэ нь парламентаас эрх авч байгаа Засгийн газар нь УИХ-тайгаа хаа нэг газар шүүхдээд явж болохгүй гэсэн үг. Иргэд бол болно. ЗГ цэцтэй нийлээд олонхын засаглал буюу парламентын ардчиллын эсрэг, улс төрийн аргаар асуудлаа шийддэг явдалд маш том хөндий үүсгэчихлээ. Дургүй нь хүргэсэн гишүүнийг, өөрийнх нь талд байгаагүй УИХ-ын даргыг Засгийн газар нь унагаадаг жишиг тогтоож байна. 

Үүндээ ҮХЦ-ийг татаж оролцуулснаараа УИХ-ыг ажиллах чадамжгүй мэт шийдвэр гаргуулсан. ҮХЦ үүнд татагдаж орсноороо “УИХ-ын гишүүд ирцэд орсон ч гэсэн заавал зааланд суух ёстой” гэдэг жишиг тогтоочихлоо. Өнөөдөр хэлэлцэж байгаа асуудалд хэдэн хүн ирцэд орж, хэдэн хүн танхимдаа сууж байна? Одоо хэлэлцэж байгаа сайдын томилгоо, төсвийн асуудал, үүнээс хойш хэлэлцэх асуудлууд бүгд хууль бус болоод явчих юм биш үү?

Ард түмнээс мандат авсан УИХ нь том юм уу, эсвэл УИХ-аас томилогдсон ЗГ нь том юм уу? Ийм ойлгомжгүй, Үндсэн хуулийн зөрчилтэй байдалд хүрчихлээ. ҮХЦ өөрөө энэ алдаагаа засах хэрэгтэй. ҮХЦ бол алдаа гаргадаггүй байгууллага биш. Тийм ч учраас 3, 5, 9 хүний бүрэлдэхүүнтэй хуралдаж, тогтоол, дүгнэлт, магадлал гаргадаг. Ямар нэг байдлаар алдаатай шийдвэр гаргавал дараа нь үүнийгээ засах боломжийг Үндсэн хууль болон Үндсэн хуулийн цэцийн хуульд тусгаж өгсөн байдаг.

Тэгэхээр өнөөдөр УИХ-ын Дэгийн хуулиар хэлэлцэх асуудалд ороогүй асуудлыг нэгдсэн чуулганаар хэлэлцсэн нь адилхан Дэгийн хууль зөрчиж байна гэдэг асуудлаар ҮХЦ-д хандаж байна.

ҮХЦ хуулийг нэг мөр хэрэглэх юм бол УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржийг Х.Булгантуяатай адилхан хууль зөрчсөн, хууль дээдлээгүй гэж үзнэ. Эс бөгөөс өмнө гаргасан шийдвэрээ эргэж хараад УИХ-д ажлаа хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлж өгнө гэж харж байгаа.