
Нийслэлийн болон орон нутгийн 600 гаруй байгууллагын 30 мянган сургууль, цэцэрлэгийн багш энэ сарын 16-наас хугацаагүй ажил хаялт зарласан билээ. Өнгөрсөн долоо хоног сурагчдын бие даалтын долоо хоног байсан бол өнөөдрөөс хичээл сургууль эхлэх байв. Гэвч багш нар болоод Засгийн газар харилцан зөвшилцөлд хүрч чадаагүйгээс ажил хаялт өнөөдөр ажил хаялт 8 дахь өдрөө үргэлжилж, хүүхдүүд эцэг эхчүүдтэйгээ хамт "ажил хийж", анги танхим хоосорч, эздээ хүлээж байна.

Түүхийн хуудсыг сөхвөл 1995 онд багш, боловсролын салбарынхан 143 хоног буюу хамгийн урт хугацаанд ажил хаялт зарлаж Боловсролын тухай хууль батлуулж, цалингаа 50 хувиар нэмүүлж байжээ.
2018 онд мөн л боловсролын салбарынхан 7 хоног ажил хаялт зарлаж байв. Харин энэ удаад өнөөдрийн байдлаар 8 цаашид хэд хоног багш нар ажлаа "таслахыг" таашгүй байна.

Багш нарын үндсэн цалин 1484000 төгрөг. Үүн дээр шинэ залуу багш нар тээврийн 176000, унааны 11000 төгрөг нэмж авна. Ингээд гар дээр нэмэгдэл, татвар шимтгэлээ төлөөд 1.3 сая орчмыг авж байна.
Багш мэргэжлийн дутагдал энэ салбарт дээд цэгтээ тулснаас багш мэргэжлийг сонгосон хүмүүсийг дэмжиж, төрөөс 2030 он хүртэл төлбөрийг чөлөөлөх арга хэмжээ авч буй. Гэвч төгсөөд гарсан залуус 1.4 сая төгрөгийн цалин голж, мэргэжлээрээ ажиллахгүй нь их байгааг салбарынхан нь ч хэлж байна. МҮЭХ-ны ерөнхийлөгч Э.Тамир "Нэгэнт төсөв мөнгө байвал төлбөр дээр нь хөнгөлөлт үзүүлэх биш цалинг нь нэмж, амьдралын баталгааг нь сайжруулах нь илүү бодитой дэмжлэг" гэсэн юм.
Нөгөөтэйгүүр хамгийн өндөр цалинтай салбарыг өндөр оноотой толгойтой хүүхдүүд сонгох нь дамжиггүй. Энэ мэтчилэн менежмент хийх байдлаар боловсролын салбарын, ажиллаж буй багш ажилчдын цусыг сэлбэхгүй бол энэ салбар уналтаас гарч чадахгүй нь. Бидний ирээдүй болсон бүх хүүхдэд хамаатай учраас энэ салбараа өөд татах, төсөв батлах үедээ НҮБ-ын зөвлөж байгаачлан ДНБ-ий зургаан хувийг л бусад орны жишгийн дагуу боловсролын салбарт хуваарилчихвал өнөөдрийг шиг нөхцөл байдал үүсэхгүй байлаа.
