Өнгөрсөн оны есдүгээр сарын 16-ны өдөр Төрийн ордны хамгаалалтын бүсэд галт зэвсэгтэй нэвтэрч Байгаль орчин, Ногоон хөгжлийн яаманд тэсэрч дэлбэрэх бодис байрлуулж, төрийн албан хаагчийн өмнөөс галт зэвсэг ашигласан гэж буруутгагдсан Ц.Мөнхбаяр нарт хорих ял оноож, өнгөрсөн тавдугаар сард хорих ангиудад шилжүүлсэн. Гэтэл хоригдож буй С.Дашцэрэн, Ж.Ганболд нарын биеийн байдал хүнд байхад тэдэнд эмнэлгийн тусламж дорвитой үзүүлэхгүй байна хэмээн “Гал үндэстэн” болон “Гол нууруудын нэгдсэн холбоо”-ноос өнөөдөр мэдэгдсэн юм. Энэ талаар “Гал үндэстэн” холбооны гүйцэтгэх захирал М.Баатархуяг, С.Дашцэрэнгийн эхнэр Л.Оюунчимэгээс зарим зүйлийг тодрууллаа.
М.Баатархуяг: Тэд эх орон, газар шорооныхоо төлөө
тэмцсэнээс өөр гэмгүй
-Одоогийн нөхцөл байдал ямар байгаа вэ. Үүссэн нөхцөл байдалд ямар арга хэмжээ авч байгаа вэ?
-Хоригдож байгаа хоёр хүний биеийн байдал маш муу байна. Тэгээд эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх хүсэлт гаргасан боловч дорвитой эмчилгээ хийхгүй байсаар байна. Гэвч биеийн байдал нь сайн байгаа хүнийг эмнэлгийн үзлэгт хамруулах шаардлагатай гээд хорих газраас аваад ирсэн нь ихээхэн хардлага төрүүлж байгаа юм. Хэрвээ тэдэнд ямар нэгэн юм болвол бид өөрсдийнхөө хүмүүсийнхээ эрүүл мэнд цаашлаад амь насыг нь Төр засгаас нэхнэ. Манай хүмүүс бол эх орон, газар шорооныхоо төлөө тэмцсэнээс өөр гэм буруу хийгээгүй. Бид ШШГЕГ-т албан бичиг явуулж, холбогдох хүмүүстэй уулзах болно. Бид тэднийхээ биеийн байдлыг тодорхой мэдэхийг хүсч байна.
-Дараа дараагийн шатанд ямар газруудад хандах вэ?
-Хэрвээ ШШГЕГ-аас хариу өгөхгүй бол бид Шүүхийн Ерөнхий зөвлөлд хандана. Цаашлаад хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудад, Хүний эрхийн комисст хандсаар байх болно.
Л.Оюунчимэг: Ходоодонд нь тариа тарьснаас
хойш биеийн байдал нь муудсан
-Хоригдож буй таван хүний биеийн байдал хэр байгаа вэ. Ямар эмчилгээ хийлгэж байгаа вэ?
-Одоогийн байдлаар С.Дашцэрэн, Ж.Ганболд нарын биеийн байдал маш хүнд байгаа. С.Дашцэрэн Зайсангийн Дамжин хорих газарт ирсэн байгаа. Сэхээнд хэд хоног ухаангүй байсан. Биеийнх нь доод тал бол мэдээгүй болж, онош нь тодроогүй гэсэн шалтгаанаар Улаанбаатар хотод авчирсан. Мөн Дарь-Эхийн Ганц худгийн салбарт хоригдож байсан Ж.Ганболдын биеийн байдал муу байгаа бөгөөд биеийнх нь хаван эцэстээ тулчихсан байгаа. Тэгээд эмнэлгийн тусламж авъя гэсэн хүсэлт гаргасан боловч одоог хүртэл ямар нэгэн арга хэмжээ авахгүй байгаа. Гэтэл “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаярийн бие эрүүл байгаа гэсэн боловч эмчилгээ оношлогоо хийх хэрэгтэй гээд аваад ирсэн.
-Энэ хоёр хүний бие юуны улмаас ингэтлээ муудсан юм бол. Хоригдохоосоо өмнө ямар нэгэн ужиг өвчтэй байсан уу?
-Огт тийм зүйл байгаагүй. С.Дашцэрэн хоригдохоосоо өмнө Улаанбаатар хотод олон оношлогоо шинжилгээнд хамрагдсан. Тэр бүрт нь ямар ч өвчин зовиурын шинж байгаагүй, биеийн байдал эрүүл гэж гарсан. Гэтэл өнгөрсөн дөрөвдүгээр сард гурван хоног эмнэлэгт хэвтэхэд нь ходоодонд нь сайн гээд нэг л тариа хийсэн байсан. Гэвч тэр тарианаас хойш бие нь муудаад эхэлсэн нь бидэнд үнэхээр их хардлага төрүүлж байгаа юм. Тэгээд одоог хүртэл онош нь тодроогүй байгаа.
Г.Жаргалмаа