Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
2025.10.27 14:53
702
Г.Дамдинням: Түгжрэл дунд маш их эрсдэлтэйгээр өдрийн цагаар шатахууны түгээлт хийгдэж байгаа

Шатахууны импорттой холбоотой, дунд болон урт хугацааны ажлын талаар МАН-ын бүлгийн хуралдааны үеэр мэдээлэл хийсэн байна. Энэ талаар Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдээлэл өглөө. 

Тэрээр, Аж үйлдвэр эрдэс баялгийн яамнаас зөвхөн АИ-92 шатахуун дээр үүсээд байгаа бэрхшээлтэй нөхцөл байдлыг шийдвэрлэж байгаа. Амралтын өдрүүдэд АИ-92 шатахууны хангамж, зохиомол хомсдолтой холбоотой хэрэглээний өсөлтийг бууруулах чиглэлээр импортлогч аж ахуйн нэгжүүдийг зохион байгуулалтад оруулж, шатахуун түгээх станцуудыг бүтээгдэхүүнээр хангах ажлыг шуурхай зохион байгуулж ажиллаж байна. Гаалийн ерөнхий газар, Улаанбаатар төмөр зам, Нийслэлийн авто тээврийн газар, Нийслэлийн замын цагдаагийн газар, Телекамерын нэгдсэн төв зэрэг газрууд хамтран шатахууны тараалтыг шуурхай зохион байгуулан ажиллаж байна. 

Шатахуун авчхаад тараахгүй байгаа аж ахуйн нэгжүүдийг камераар хянаж, орлого авсны дараа хяналтын багуудыг явуулж байгаа. 

Шатахууны тээврийн машин зөвхөн шөнийн цагаар тээвэр хийх зохицуулалттай байдаг. Харин үссэн нөхцөл байдалтай холбогдуулан өдрийн цагаар тээвэр хийх ажлыг зохион байгуулж байна. 

Дүнжингарав худалдааны төвийн ослыг санаж байгаа байх. Шатахууны том оврын тээврийн хэрэгслүүд хотын түгжрэл дундуур явахад маш их эрсдэлтэй байгаа гэдгийг тодотгож хэлье. Тийм учраас хамгаалалтын тусгай машинуудыг гаргаж, өдрийн цагаар түгээлт хийж байгаа. 

Ердийн үед 950-1200 тн шатахууны хэрэглээг хэрэглэдэг. Одоо бол үдээс өмнө л 1200 тн шатахууныг дуусгаж байна. Шөнөдөө хангалтын машинууд яваад бүх шатахуун түгээх станцуудаа цэнэглэж байгаа. Ингээд л өглөө 06 цагаас түгээлт явахаар үдээс хойш 14:00 цагийн үед бүгд дуусаад байгаа. 1 шатахуун түгээх станц 10 мянган литр шатахуун авдаг байлаа гэж үзэхэд хуучин 20 литрээр аваад явахад 400-500 машин цэнэглээд дуусдаг байсан.

Харин одоо банкаа дүүргээд аваад байхаар 200 гаруй машин л цэнэглээд дуусаад байгаа. Хэрэглээ хамгийн багадаа 2 дахин өссөн. Тиймээс бид өдөр цэнэглэхээс өөр аргагүй байна. 14:00 цагаас хойш 2 дахь цэнэглэлтүүдийг хийж байгаа. Энэ нь шөнө 23:00 цагийн орчимд дуусаж байгаа. 

ОХУ-аас импортолж буй шатахууны хэмжээг хангалттай хэмжээнд нэмэгдүүлж байгаа. Цаашид богино хугацаанд хангамжийг тогтворжуулах чиглэлээр ажиллаж байгаа. 

Гадуур шатахуун олголт сайжирч, үр дүн гарч тодорхой хэмжээнд оочир буурсан байна. Яг одоогийн байдлаар хамгийн их нь 35 орчим машин оочирлож байна гэх мэдээллийг телекамерын системээс өгсөн. 

Шууд дамжуулалт: