m.mn
түрүүлж мэдээлнэ
Нийгэм
2025.10.28 11:48
629
Амаар нь эзэгнэдэг дарга нар хийгээд “алга дарам” газраа эзэмшиж чаддаггүй иргэд

БЗД-ийн 11 дүгээр хорооны иргэн Н.М 10 гаруй жил амьдарч байгаа газар дээрээ өмчлөх, ядаж эзэмших эрхийн зөвшөөрөл авах гэж арваад жил хөөцөлдөж байгаа ч өнөө хэр авч чадаагүй. Зөвшөөрөлгүй, хууль бусаар амьдарч байгаа гэсэн үг. Гэхдээ тэдний гэр бүл ганцаараа биш. Тэр хавийн айлууд ихэнх нь зөвшөөрөлгүй. Тодруулбал, Товчоо, Сүүл даваа, Ногоон зоорь, Туул зөрлөг, Хөлийн гол, Эмийн ургамал орчимд 10, 20, 30 жил амьдарч байгаа зуу, зуун өрх хууль бус оршин суугчид.

Хөдөө орон нутагт ажлын байр хомс, бизнес хийе гэхээр зах зээл багатай, зээл аваад томоохон хөдөлье гэхээр барьцаа хөрөнгө үгүй. Эдгээр хүчин зүйлсээс гадна  хүүхдүүд дунд сургуулиа төгсөөд их, дээд сургуульд суралцах цаг ирэхэд “одоо л явах цаг мөн дөө” хэмээн шийдвэр гаргах нь бий.

Хотод ирээд орон сууц нь үнэтэй тул ихэвчлэн хашаа байр сонгоно. Хашаа байр авах мөнгө хүрэлцэхгүй бол хотын зах бараадан, нэг газар хашаа хатгаад, эхлээд гэр барьж, бага багаар байшин барих материалаа цуглуулна.

Энэ маягаар Баянзүрх болон Сонгинохайрхан дүүрэгт хаяггүй, хашаагүй, гээгдмэл өрхүүд өчнөөнөөрөө бий болсон. Хэдий улсынхаа нийслэлд амьдарч байвч нийслэлийнхээ алслагдсан, мартагдсан хороонд амьдарч буй эдгээр өрхийн иргэдэд сургууль, цэцэрлэг, эмнэлэг гэх мэт нийгмийн үйлчилгээ ч хол. Зарим нь нийслэлд ч бүртгэлгүй.

Энэ мэтчилэн Монгол Улсын иргэд эх орондоо амьдрах “алга дарам” газраа авч чадахгүй байхад дарга нар хийгээд танил тал, бэл бэнчинтэй хүмүүс уулыг амаар нь эзэгнэж, гадаадын хөрөнгө оруулалттай гэх компаниуд га, га-аар нь хашаалж байгаа нь шударга ёсонд нийцнэ гэж үү?

Иргэн Э.Х Кувейтийн аманд эзэмшлийн газар хайж зуныг барав. Түргэний голын эрэг дагуу кадастрын тэмдэглэгээгүй, хоосон газар нэлээд хэд байсан ч Газрын албанд хандаж хүсэлт гаргахаар энэ байршилд газар олгохгүй гээд тухай бүрд нь татгалзсан хариу өгчээ. Гэтэл намар болоход өнөөх газрууд бүгд эзэнтэй болчихсон байв. Мөн газрын албанд “найдвартай хүнтэй” гэх танил нь тэр хавьд томоохон газар олж өгч болно шүү гэж “харж үзсэн” байна. Гэхдээ 50-100 сая төгрөгөөр “гар цайлгах”  ёстой гэсэн аж.

Газар олголтыг тойрсон авлигыг одоо хэр цэгцэлж чадаагүй л байна. Өнөөгийн нөхцөл байдалд хүргэхэд үе үеийн нийслэлийн Засаг дарга нар ямар үүрэг гүйцэтгэснийг эргэж харъя. Ардчилсан хувьсгалаас хойш буюу 1990 оноос хойш Улаанбаатар хот маань нийт 12 Засаг даргын нүүр үзжээ. Shilen.gov.mn сайтад 2018 оноос өмнөх хотын захирагч нарын олгосон газрыг жагсаасан байдаг. Сүүлийн дөрвөн захирагчийн олгосон газрын талаарх мэдээлэл байхгүй байна. Тэдгээрийг ч нөхөж оруулах шаардлагатай байгаа юм.

2008-2012 оны үед хотын захирагч байсан Г.Мөнхбаяр хамгийн их буюу 80,436 га газар олгосон бол 2012-2016 оны хотын захирагч Э.Бат-Үүл 73,749 га газар олгосноороо удаалж байгаа юм. Э.Бат-Үүлийн үед гэр хорооллуудыг орон сууцжуулахаар долоон байршилд дахин төлөвлөлт эхлүүлсэн байдаг. Эдгээр нь хэдийгээр шинээр газар олголт биш ч гэлээ өрхийн хэрэгцээнд өмчлөгдөж байсан газрыг компаний нэр дээр шилжүүлсэн учраас  дээрх олгосон газарт багтсан хэрэг.

Газрын арилжааны “загалмайлсан эцэг” гэгддэг М.Энхболдын үед шинээр олгосон газар нь хэмжээгээрээ дөрөвдүгээр бичигдэж байгаа ч цөөн тооны иргэн, компаний нэр дээр их хэмжээний газар олгосон гэдгээрээ асуудал дагуулж байсан. Үүний нэг тод жишээ бол “Мон уран” ХХК-ийн захирал, хожим УИХ-ын гишүүнээр сонгогдсон Б.Наранхүү юм. Тэрээр М.Энхболдын үед нийслэлчүүдийн ундны усны нөөц дээр их хэмжээний талбай эзэмшиж, "Дүнжингарав" худалдааны төвийг барьсан, Хүүхдийн паркын газраас хумсалж борлуулсан гээд газрын наймааг жинхэнэ цэцэглүүлсэн нөхөр. Түүний цаана М.Энхболд байсан нь ч тодорхой байдаг.

Хожим Яармагийн хөндий болон Богд уулын Арцат, Хүүш, Их болон Бага тэнгэр, Жаргалант, Түргэний амуудад орон сууцны болон хаус хотхонууд олноороо сүндэрлэн, хот дотор хот байгуулагдсан нь ч мөн газрыг хууль бусаар ашигласан том томруун жишээ болдог. Өөрөөр хэлбэл, анх аялал жуулчлалын отог байгуулна гэж авсан газраа бетонон ширэнгэ болгосон хууль бус бүтээн байгуулалтын цаана өдгөөгийн УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Ганбаатар, Н.Номтойбаяр нараас эхлээд Д.Зоригт, Д.Бат-Эрдэнэ, С.Болдхэт, Б.Ундармаа, Ц.Анандбазар, Г.Батхүү, Д.Батбаяр нарын УИХ-ын гишүүн, сайд асангууд, тэдний хамаарал бүхий хүмүүс байдаг. Түүнчлэн заан Ч.Батзориг хүртэл Яармагийн хөндийг тэр чигт нь эзэгнэж, газрыг дамлан зарж, асар ихээр баяжсан төдийгүй улс төрчдөд бэлэглэн, нөлөөллөө бэхжүүлсэн байдаг. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд байхдаа энэ талаар “шүгэл үлээсэн” ч хариуцлага хүлээлгэж чадалгүй огцорсон.

Газрын тухай хуульд 2008 онд нэмэлт оруулснаар газрыг ил тод байдлаар дуудлага худалдаагаар олгохоор хуульчилсан. Гэвч дөрвөн жилийн дараа буюу 2012 онд Засгийн газрын 222 дугаар тогтоолоор “Газрын дуудлага худалдаа, сонгон шалгаруулалт явуулах журам”-ыг баталснаар хуулийн энэ заалт хэрэгжиж эхэлсэн байдаг. Энэ бол газрын харилцаанд гарсан дэвшил гэж хэлж болно. Хожим буюу 2019 онд энэ журмыг шинэчилснээр газрын дуудлага худалдаа цахим хэлбэрт шилжсэн. Гэсэн хэдий ч дээр дурдсанчлан хууль бусаар, “ар, өврийн хаалга”-аар олгосоор байгааг цэгцлэх шаардлагатай байгаа юм.

Ер нь дээрх хууль, журам батлагдсанаас хойш олгогдсон бүх газарт аудит оруулж, албан тушаалаа урвуулан ашиглаж, журмын бусаар газар олгосон албан тушаалтнуудад хариуцлага нэхэн тооцох л хэрэгтэй. Манай нийгэмд ужгираад буй олон асуудал хариуцлага тооцож чаддаггүйтэй холбоотой. Ихдээ л хэсэг шуугиж байгаад мартана гэсэн хандлагаар дарга нар эрх мэдлээ хэтрүүлсэн, ашиг сонирхолд хөтлөгдсөн шийдвэрүүд гаргасаар байгаа юм.