

Оюутолгойн төсөлд хамааралтай талууд хэлэлцээний ширээний ард суух гэж байна. Энэ гэрээ чухамдаа ямархуу хэмжээний гэрээ болсон талаар элдэв мэргэжилтний дүгнэлт шаардлагагүйгээр хүмүүсийн ойлголт тодорхой болсон. Олон нийт энэ ашиггүй гэрээ болсон гэдгийг хаана ч хэлдэг. 2009 онд гэрээ байгуулагдаж байх үеийн төсөөлөл, 16 жилийн дараах үр дүн тэс өөр. Тухайн үед ард түмэн Хөрөнгө оруулалтын гэрээ гэж мэдэхээс Хувь нийлүүлэгчдийн гэрээ хэмээх нууц гэрээ давхар хийснийг мэддэггүй. Өнөөдөр яригдаж байгаа зээлийн хүүний хувь хэмжээ, засаглалын асуудал, зээлээ төлж дууссаны л дараа хувь хүртэхээс наана юу ч авахгүй гээд олон чухал асуудлыг УИХ-аар оруулаагүй энэ нууц гэрээгээр баталсан байдаг.
Хөрөнгө оруулалтын гэрээг наанаа харуулан, цонхны цаанаас мөс долоолгож хамаг ашиг сонирхол эрх ашгаа тусгасан хувь нийлүүлэгчдийн гэрээний талаар бид хэлэлцээр эхлэх гэж байгаа энэ үед заавал хөндөх ёстой.
Энэхүү Хувь нийлүүлэгчдийн гэрээг Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаас хэдхэн хоногийн дараа баталсан байдаг. Үүндээ 2011 онд нэмэлт өөрчлөлт оруулж дахиж тодотгох үед сүүлийн үед бидний мэдэх болсон 7 жилд нэг удаа гэрээнд өөрчлөлт оруулах боломжийн талаар орж ирснээс анхандаа огт байгаагүй.
Дээрх гэрээнүүд болон “Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө” зэрэг бусад баримт бичгүүдийг судалж үзээд Монгол Улсын аюулгүй байдлын зөвлөлөөс зөвлөмж гаргаж байсан бөгөөд Монгол Улсын эрх ашгийг хохироосон энэ гэрээг бүхэлдээ засч сайжруулах талаар онцолсон байдаг.
Тухайлбал, “Оюутолгойн гэрээнүүд болон төлөвлөгөө нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд нийцсэн эсэх талаар дүгнэхэд:
Нэгдүгээрт “Оюутолгой” ордыг ашиглах асуудлыг эхлүүлсэн нь стратегийн ач холбогдол бүхий орд газрыг эргэлтэд оруулах оролдлого мөн боловч түүний гэрээ, төлөвлөгөөний боловсруулалт, хэрэгжилт, хяналтын механизм нь үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалтын зарчим, шаардлагатай нийцсэн гэж үзэхгүй байна.
Хоёрдугаарт, Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн “Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал нь үндэсний аюулгүй байдлын талаарх төрийн бодлогын нэгдмэл залгамж чанарын үндэс болно” гэсэн заалтыг баримтлаагүй нь “Оюутолгой” ордын ашиглалтын асуудлыг Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалтай уялдуулж чадаагүйн суурь үндэс болж байна.
Гуравдугаарт, Оюутолгой” ордын ашиглалтын асуудлыг Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын зарчим, шаардлагад нийцүүлэн авч үзэхгүй байгаа нь уг ордыг Монгол Улсад ашигтай байх боломжийг бууруулж байна” хэмээн онцолсон.
Мөн “Энэхүү ордын ашиглалтад гарч буй сөрөг үр дагавруудыг арилгахын тулд тогтоолыг хэрэгжүүлэх талаар Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцэж, үйл ажиллагааг эрчимжүүлэх хэрэгтэй” гэсэн зөвлөмж гарснаас хойш нэлээд хэдэн жил өнгөрчээ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан энэ зөвлөмжийг хэрэгжүүлэх томоохон боломж энэхүү хэлэлцээрийн үед гарч ирж байна гэж үзэж болох юм.
