m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.07.22 07:09
260
Сүхбаатар сумын 90 жилийн ой өнөөдөр тохиож байна

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сум үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойн баяр өнөөдөр тохиож байна. Сүхбаатар сум 1924 онд Жавхлант шарга нэртэй байгуулагдаж, 1943 онд Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн наймдугаар тогтоолоор Их Жанжны нэрэмжит болж Сүхбаатар сум гэж нэрлэгджээ.

Сум байгуулагдсан цагаасаа хөдөлмөрч түмнийхээ идэвх санаачилгыг өрнүүлэн сумаа хөгжүүлэх, аймаг орон нутаг, улмаар улсынхаа хөгжилд бодитой хувь нэмэр оруулсаар ирснийг 1942 онд мал өсгөх болон ноос бэлтгэх төлөвлөгөөг давуулан биелүүлж, Засгийн газрын “Хүндэт үнэмлэх”-ээр, 1956 онд ажлаараа улсад 2-р байрт шалгарч удирдах дөрвөн байгууллагын шилжин явах туг, диплом, мөнгөн шагналаар, 1962 онд төлөвлөгөөт үзүүлэлтээ бүрэн биелүүлж уралдаанд шалгаран “ЯВА” мотоциклиор, 1979 онд төл бойжуулалтаар улсад шалгарч удирдах дөрвөн байгууллагын жуух бичиг, ГАЗ-53 машинаар, 2012 онд Улсын тэргүүний сумаар шалгарч зуун сая төгрөгөөр шагнагдаж байсан зэрэг олон баримт байдаг байна.
Их жанжин Д.Сүхбаатар, МУ-ын Ерөнхий сайд С.Батболд зэрэг төр, нийгмийн зүтгэлтнүүд, Улсын баатар Бүргэдээ, ардын хувьсгалын партизан Даш, Дамчаа, Намжил, Хөдөлмөрийн баатар Н.Осгон, ардын багш З.Батсүх, доктор Батжаргал, гавьяат багш Х.Далхжав, Б.Гомбосүрэн, Т.Банзрагч, гавьяат эдийн засагч З.Нямаа, гавьяат барилгачин Р.Буд, Хошой аварга малчин Ш.Сугар, Х.Сугар, Улсын сайн малчин Г.Мятав, Э.Шарав, Х.Цэрэнноров, С.Зундуй, С.Цогзол, Я.Өлзий, Г.Уламбаяр, Г.Сумъяа, Б.Балжинням, Д.Батсүх, Ж.Болдбаатар нарын алдартан гавьяатнууд, Даншигийн наадамд 12 удаа түрүүлсэн их аварга Г.Өсөхбаяр, улсын харцага Л.Дашдаваа, начин Ж.Чулуун зэрэг алдарт бөхчүүд болон бусад олон олон алдар цуутнууд энэ нутгаас төрөн гарчээ. Түүнчлэн улс даяар гайхагдсан алдарт хурдан хүлэг “Нийгмийн хонгор” морь нь Сүхбаатар нутгийн бахархал болсон билээ.