
Энэ парламентын хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн өнөөдөр /2025.10.28/ хэвлэлийнхэнд мэдээлэл өгөх үеэрээ улс төрд орохдоо ихэнх улс төрчийн хөндөхөөс эмээдэг сэдвүүдийг барьж авна хэмээн өөртөө амласан талаараа дурдаад авсан. Тэрээр цааш нь ярихдаа төрөөс оролцдог, үнийг нь тогтоодог салбарууд уналттай байдгийг хэлсэн. С.Цэнгүүний хувьд эрчим хүчний салбарын шинэтгэлийг үнийг чөлөөлөхөөс эхлэх ёстой гэдэг байр сууриа эхнээсээ ил тод илэрхийлж ирсэн. Өнөөдөр ч энэ байр суурин дээрээ хатуу зогсож байгаа. Хэдий хамгийн залуу, туршлагагүй боловч үнэн үгийг часхийтэл хэлчихдэг, дахин сонгогдохоо бодож, олон нийтэд таалагдах, поп шинжтэй мэдэгдэл хийдэггүй түүний энэ байр суурь бусад салбарт ч хамаатай.
Өнөөдөр хүчээр үнийг нь барьж тогтоож байгаа түлш шатахуун гадаад хүчин зүйлээс хамаарч байсхийгээд тасалдаж, хомсдол үүсдэг.

ШТС-ын гадаа урт дараалал үүссээр байхад салбарын сайд нь “Бензин нийлүүлэлт ердийн үеийнхээс ч илүү байгаа. Иргэд өөрсдөө л банкаа дүүргэж, зохиомол хомсдол үүсгээд байна” хэмээн өдөр бүр мэдэгдэж, бурууг иргэд рүүгээ чихэж суух. Салбарын сайдын мэдэгдсэнээр нийслэлчүүд хоногт дунджаар 950-1200 тн түлш, шатахуун хэрэглэдэг ч өнөөдрийн байдлаар хоногт 1800 тн хэрэглэж байгаа гэх. Хомсдол бодитоор бий болсон болохоор нэгэнт урт дараалалд дугаарлаж, багагүй цаг зарцуулсан хүмүүс аль болох ахиу бензин авахыг бодно шүү дээ. Хэн л их хотын завгүй амьдралынхаа цаг мөчөөс хороож, өдөр бүр урт дараалалд зогсохыг хүсэх вэ дээ.
Нэг талаараа өнөөдөр үүсээд буй нөхцөл байдал бол Орос, Украйн хоёр улсын дайны хор уршиг хоёр улсаасаа хил давж, хөрш зэргэлдээх орнууд руу нэвтэрч буйн нэг илрэл. Нөгөө талаар оновчтой бодлого, зохицуулалт хийж чаддаггүй урагшгүй төр засгийн маань үнэн төрх.
ОХУ-ын 38 том шатахууны үйлдвэрээс 21 нь бөмбөгдөлтэд өртөж, ихээхэн хохирол амсаад байгаа. Дотоодынхоо түлшний хомсдолыг хянаж чадахгүй, үнэ нь өссөн байдалтай, Крым зэрэг зарим бүс нутагт хэсэгчилсэн хязгаарлалт тавьж байгааг дэлхийн хэвлэлүүд мэдээлсээр байгаа. Нэгэнт дотооддоо хомсдолд орчихсон улс бусад улсыг түлш, шатахуунаар хангах хүсэл эрмэлзэл хэр байх бол гэдэг нь эргэлзээ төрүүлж байгаа юм.
Монгол Улсын тухайд, “Роснефть” компанитай тасралтгүй бөгөөд хямд, тогтвортой үнээр түлш, шатахуун нийлүүлэх, авах гэрээтэй. Гэхдээ тэднийхээс нийлүүлдэг хэмжээ нь манай хэрэгцээг бүрэн хангаж чаддаггүй тул арай илүү буюу зах зээлийн үнээр бусад компаниас бага багаар цуглуулахад хүрдэг. Гэтэл манайд АИ92-ыг “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-өөр үнийг нь барьчихсан болохоор энд зөрчилдөөн үүсдэг.
Одоо хэдүүлээ бодит байдлыг хүлээн зөвшөөрч, эрүүл, чөлөөт, өрсөлдөөнт зах зээлд бүрэн шилжих цаг болсон. Дотоодын хэрэгцээнийхээ 85–90 орчим хувийг ганцхан улсаас авдаг манай улсын хувьд нэн даруйтүлш, шатахууны үнийг чөлөөлж, олон эх үүсвэртэй түншлэх хэрэгтэй байна. Ингэж гэмээнэ нийлүүлэлтийн сувгийг өргөтгөх, түлш нөөцлөх савнуудаа нэмэх, багадаа гурван сарын нөөцтэй байх нөхцөл бүрдэх болно.

Түлш, шатахуун нь стратегийн бүтээгдэхүүн гэдэг утгаараа төр засгаас онцгой анхаарал тавьж, үнийг нь барьдаг. Шаардлагатай гэсэн үедээ импортлогч компаниудадад татаас ч өгдөг. Ер үе үеийн Засгийн газар энэ салбарт үнийг чөлөөлөхөөс болгоомжилж ирсэн.
Ийм шийдвэр гаргах нь улс төрчийн карьертаа цэг тавих эрсдэлтэй учраас одоогоор зориглож дуугарах аавын хүү, ээжийн охин гарч ирээгүй л байгаа. Гэхдээ нэгэнт чөлөөт зах зээлд шилжээд 30 гаруй жилийг туулсан улс орны хувьд энэ бол хэзээ нэгэн цагт тулгарах, шийдэх л асуудал.
