Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2025.10.29 09:20
260
Оюутолгойн талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжид юу гэсэн байдаг вэ?

Монгол Улсын Үндэсний аюулгуй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргын А/01 захирамжаар Оюутолгой ордыг ашиглах тухай Монгол Улсын Засгийн газар болон "Айвенхоу майнз Монголия инк" ХХК, "Айвенхоу майнз лимитед", "Рио тинто интернэшнл холдингс лимитед” компани хооронд байгуулсан "Хөрөнгө оруулалтын гэрээ", "Хувь нийлүүлэгчдийн гэрээ", "Нэмэлт өөрчлөлт оруулж, дахин тодотгосон “Хувь нийлүүлэгчдийн гэрээ" болон "Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө” нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд нийцсэн эсэх, Монгол Улсад ашигтай гэрээ мөн эсэх талаар дүгнэлт гаргасан байдаг.

Шинжлэх ухааны доктор, профессор, хошууч генерал О.Үржин, Аюулгүй байдал судлалын доктор Ш.Болдбаатар, Аюулгүй байдал судлалын доктор, профессор, хошууч генерал Д.Чимэд-Юндэн, Хууль зүйн ухааны доктор, хошууч генерал М.Ганболд, Аюулгүй байдал судлалын доктор, хурандаа А.Батсайхан нарын гарын үсэгтэй Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шинжээчдийн энэхүү зөвлөмжид Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээ, нэмэлт өөрчлөлт оруулан дахин тодотгосон хувь нийлүүлэгчдийн гэрээ, далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө болон төслийн ТЭЗҮ нь Монгол улсад дараах эрсдэлийг бий болгох магадлалтайг онцолсон байдаг юм.

Мөн Оюутолгой компанид хуулиар ашигтай байдал үүсгэж, говийн бүсийн гүний цэвэр усыг хяналтгүйгээр үлэмж их хэмжээгээр ашиглуулж байгаа нь гүний цэвэр усны нөөцийг багасгах улмаар эдийн засгийн болон экологийн гамшигт хүрэх ноцтой асуудлыг дагуулж байгааг дурдсан байдаг.

Ийм ноцтой эрсдэлүүдийг мэргэжлийн шинжээч нар анхааруулсаар байтал бид хэвээрээ явж ирлээ. Ялангуяа хувь нийлүүлэгчдийн гэрээ гэж УИХ-аар оруулалгүй хуйвалдан гаргасан гэрээнд Монголын талын эрх ашгийг ноцтой зөрчсөн олон заалт бий. Гэрээнд өөрчлөлт оруулах эрхгүй, хүүнээс хүү тооцдог өндөр зээл, менежментийн зардлыг хянах боломжгүй зэрэг нь биднийг улсаараа өрөнд оруулж, үр өгөөжөө хүртэх боломжийг багасгасаар байгаа. Харин одоо нөгөө тал хэлэлцээрийн ширээний ард суухаар ирж байгаа үед бид бүх асуудлаа гаргаж тавих хэрэгтэй. Гэрээ хэлэлцээр харилцан ашигтай, хоёр тал сэтгэл хангалуун үлдэх ёстойгоос нэг нь өндөр өгөөжтэй, нөгөө нь сэтгэл дундуур үлдэх учиргүй. Хэрэв тэгж чадахгүй бол гэрээгээ цуцалчихад болохгүй гэх зүйлгүй.