Э.Ирэхбаяр
Редактор
УИХ
2025.10.29 11:27
613
Т.Мөнхсайхан: Би сайд болоод дөрвөн жилийн дотор цалинг 2.2 дахин нэмсэн

УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайханаас Эрүүл мэндийн салбарын эргэн тойронд ярилцлаа.

Эрүүл мэндийн салбарынхны цалинг нэг удаа “гал унтраах” байдлаар нэмэх гэж байна. Цаашид хэзээ, хэрхэн нэмэгдүүлэх бодлогоо эртнээс тодорхойлохгүй юм уу?

2026 оны төсөвт тодорхой хэмжээгээр нэмэх гэж байна. Тэгвэл 2027 онд хэдэн хувиар нэмэх бэ гэдэг асуудлыг одооноос ярьж, боломжийг эрэлхийлэх ёстой.

Намайг Эрүүл мэндийн сайд болох үед манай салбарт зардлын зүйл ангиар цалинжуулдаг тогтолцоо байсан. Бүгд тогтмол цалинтай байсан. 2020 онд сайдаар томилогдсоныхоо дараа санхүүжилтийн тогтолцоонд шинэчлэлт хийсэн. Үүний үр дүнд дөрвөн жилийн хугацаанд 2.2 дахин нэмэгдсэн. Өмнө нь ингэж нэмж байсан түүх байхгүй.

Гэхдээ хангалттай хэмжээнд хүрсэн гэж ойлгож болохгүй. Үүнийг улам сайжруулж, эрүүл мэндийн салбарын төсвийг ДНБ-ий зургаан хувьд хүргэх юм бол ажлын гүйцэтгэлтэй уялдаж, цалин мөнгө нэмэгдэнэ. Эмч, эмнэлгийн ажилтны цалин мөнгө нэмэгдэхийн хэрээр эргээд иргэдэд хүрэх туслам, үйлчилгээ сайжирна. Зөвхөн гүйцэтгэлээр цалинг нэмсэн тохиолдолд иргэдэд хүрч байгаа тусламж, үйлчилгээн дээр өөрчлөлт гардаггүй.

2021 онд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ 10 хүрэхгүй тохиолдолтой байсан бол өнөөдөр 2.8 сая иргэнд 26 сая тусламж, үйлчилгээг үзүүлсэн байна. Үүний дараагийн шат нь эмнэлгүүд дээр эмч, ажилчдын цалинг гүйцэтгэлээр олгож эхэлж байсан. Тухайлбал, ХӨСҮТ, түүний дотор туяа эмчилгээнд бүгдийг эхлүүлсэн. Үр дүнд нь туяа эмчилгээн дээр ажиллаж байгаа эмч, ажилчдын цалинг 1.5 дахин нэмсэн. 50 хоног дугаарлаж үзүүлдэг байсан бол одоо ямар ч дугааргүй болсон. Бүх эрүүл мэндийн байгууллагыг яг ийм байдлаар ажиллуулахаар төлөвлөж байсан.  

ХӨСҮТ-ийн дарга асан Н.Эрдэнэхүүг хууль бусаар ажлаас чөлөөлсөн гэсэн шүүхийн шийдвэр гарч, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгохоор боллоо. Үүн дээр та ямар тайлбар хэлэх вэ?

Харамсалтай байна. 2016 оноос Ж.Чинбүрэн, 2020 оноос Н.Эрдэнэхүү ХӨСҮТ-ийг удирдаж байсан. Найман жилийн хугацаанд ард иргэдэд хүргэх тусламж, үйлчилгээ улам хүндрэлтэй болсон. Маш их ажлын алдаа дутагдал, хариуцлагагүй үйлдэл гаргаж байсан учраас ажлаас нь чөлөөлсөн.

Дараагийн дарга очоод жилийн дотор ХӨСҮТ-ийг иргэдэд хүндрэлгүй, түргэн шуурхай үйлчилдэг болгож чадсан.