

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнгээс өнөөдрийн ЗГ-аас гарсан шийдвэрийн талаар тодрууллаа. Тэрээр "ЗГ-ын хуралдаанаар төрийн албан хаагчийн 0-6 настай хүүхэд томуугаар өвдвөл аав ээж хоёрын аль нэгт цалинтай 5 хоногийн чөлөө олгохоор боллоо. Энэ нь томуу хүндэрч, эмнэлэгт ачаалал болохоос өмнө авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ гэсэн үг. Эцэг эх, эмээ өвөөгийн асаргаа их чухал. Мөн хоол хүнс асаргаа, агааржуулалт хийх, дулаан хувцаслахад анхаарвал томуу заавал хатгаа болж хүндрэхгүй. Зорилтот бүлгийн томуугийн вакцинжуулалт энэ жил 97 хувийн хамрагдалтай байна. Өмнөх жилүүдэд дандаа вакцины үлдэгдэлтэй байсан. Цалин нэмэх гаргалгааны хувьд ЗГ 181 тэрбум төгрөгийг төсөвлөсөн байвал бол 200 тэрбум төгрөг болгон нэмж, 15 хувиар нэмэхээр байна. Төсөв одоо УИХ-ын гишүүдийн мэдэлд очсон. Гишүүд хэмнэж болох өөр эх үүсвэрийн санал гаргаж дэмжигдвэл үүнээс ч өсөх боломжтой. ЭМЯ бол үндсэн цалинг 15 хувиар нэмэх мөнгө тавьсан. Дагалдаад зургаан төрлийн нэмэгдэл очно. Ажилласан жилийн, зэрэг цолын, орон нутгийн, хоол унааны гээд үндсэн цалингаа дагаж нэмэгддэг учраас бодитой нэмэгдэл болно. Цалинг 2026 онд 15-20 хувь нэмье, 2027 онд ЭДМС-г эрүүл болгоё. Тэгвэл цалин 3.5 саяас ч илүү нэмэгдэх боломжтой. Үе шаттай нэмье ийм боломж байгааг ҮЭ ойлгох хэрэгтэй. Ялангуяа эрүүл мэндийн ҮЭ хуульдаа захирагдах ёстой. Хуульд ажил хаяж болох болохгүй заалтууд байгаа. ҮЭ ажил хаяхдаа тулвал нийт салбарын ажилчдын ҮЭ-ийн 50-аас их хувь ажил хаяхыг зөвшөөрсөн тохиолдолд ажил хаядаг. Их хурлаас, ЗГ-ын гишүүдээс цалин нэмэхгүй гэсэн нэг ч хүн би хараагүй" гэлээ.
