

Хойд хөрш шатахууны крантаа хаахад манай улсад нийгмийн эмх замбараагүй байдал үүсч, стрессийн түвшин нэмэгддэг. Шатахууны асуудал Засгийн газар унах уу үгүй юу гэдэгтэй зэрэгцээд үүсч, өнөөдөр ч хомсдол хэвээр үргэлжилж, шокын байдал гараагүй байгаагаас хэн хүнгүй дотоодын үйлдвэрийг талаар мөрөөсөх болов. Монгол улсын газрын тосны нөөц 332 сая тонн гэсэн тооцоо гарсан. Энэ үзүүлэлтээрээ Монгол улс дэлхийд 33-т ордог гэсэн судалгаа бий ч боловсруулж чадалгүй түүхийгээр гаргаж байгаад бүгд толгой сэгсэрдэг билээ.
Тэгвэл шатахууны үйлдвэр барих нь зарим улс төрч, импортлогчдын мөнгөний урсгалыг боомилох учраас энэхүү санаачилга газар авдаггүй, эрх мэдэлтнүүдийн хаалттай тулгардаг гэлцдэг. Үйлдвэрийн явц магадгүй үүнтэй холбоотой удааширсан гэх таамаг ч бий. Тодруулбал БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Моди 2015 онд манай улсад төрийн айлчлал хийх үеэрээ 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл олгох болсноо мэдэгдсэнээр шатахуун боловсруулах үйлдвэрийн шав тэр үед тавигдаж байсан түүхтэй. Гэвч төсөл удаашрах, дунд нь ковидоос үүдэлтэй өнжих гэхчилэн саадаас болж өдгөө найм дахь жилдээ бид шатахуун боловсруулах үйлдвэр буюу монгол мөрөөдлийн талаар ярьсан хэвээр байна. Хугацаа өнгөрөх тусам төслийн зардал өссөн. Иймээс төслийн нийт хөрөнгө оруулалтын зардлыг 2023 онд 1.698 тэрбум ам.доллар хэмээн баталсан байдаг.
Төслийн хөрөнгө оруулалтын үнэ өссөнд улс төрчид мөн л шүүмжлэлтэй хандаж, 1.7 тэрбум ам.доллараар үйлдвэр барьж байна гэж шүүмжилдэг ч бид жилдээ энэ хэмжээний мөнгө буюу 1.8 тэрбум ам.долларыг бензин худалдан авахад зориулж жил бүр хойд хөрш рүү явуулж байна. Гадаад валютын нөөцөө бодсон ч тэр, ажлын байр, шатахууны нөөц үйлдвэрлэлээ бодсон ч тэр газрын тос боловсруулах үйлдвэрийн ач холбогдлыг дахин дахин тайлбарлах нь илүүц бизээ.
Шатахууны асуудалд ерөнхий сайд онцгой ач холбогдол өгч, бензинээр хараат байдлаас гарах хэрэгтэй гэж өчигдрийн Засгийн газрын хурал дээр авч хэлэлцжээ. Иймээс ч Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж байгаа газрын тосны үйлдвэрийг хугацаанд нь буюу 2027 оны эхний улиралд ашиглалтад оруулна гэж тооцож байгаагаа салбарын сайд нь хэллээ. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням “Газрын тосны үйлдвэрийг ашиглалтад оруулах ёстой. Технологийн гол захиалгаа хийсэн. Анх намайг сайдын ажлыг авахад ажил 20 хувьтай байсан бол гурван сарын дотор бүтээн байгуулалтын явц 50 хувьтай байна. Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орвол 400 мянган тонн авто бензин 870 мянган тонн дизель түлш үйлдвэрлэх хүчин чадалтай. Бид жилдээ 560 мянган тонн газрын тос олборлож экспортлодог бол зөрүүлээд сардаа 220 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортоор авч байна” гэлээ.
Судлагдсан нөөц боломжоо харвал бид шатахууны хэрэгцээний тодорхой хувийг дотоодоосоо хангах боломж бүрэн байна. Гагцхүү одоо бүтээн байгуулалтын ажил нь явж байгаа үйлдвэр эдийн засгийн болоод улс төрийн саадгүй 2027 ондоо багтаж ашиглалтад орох л хэрэгтэй байна.
