Э.Ирэхбаяр
Редактор
Засгийн газар
2025.10.29 18:00
1461
500 ам.доллар хүрэхгүй цалинтай эрүүл мэндийн салбарынхан "тулаа" хийсээр туйлдлаа

Төрийн албаны зарим албан тушаалын цалингийн хэмжээ, доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай Засгийн газрын 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн тогтоол байдаг. Уг тогтоолын хавсралтад салбараар нь жагсаасан цалинг сонирхож үзвэл АА буюу УИХ-д ажлаа тайлагнадаг байгууллагууд зарим байгууллагын ажлын алба болон адилтгах бусад байгууллага, зөвлөлийн ажлын албаны болон төрийн захиргааны, төрийн тусгай албан тушаалтнууд, Засгийн газрын агентлаг болон нутгийн төрийн захиргаа, төрийн захиргааны бусад албан тушаалтнуудын цалин нэг сая 539 мянгаас эхлээд хоёр сая 716 мянган төгрөг хүртэл байна. 11 зэрэглэлийн ес нь хоёр сая төгрөгөөс дээш байгаа юм.  

Харин ТЗ буюу төрийн захиргааны төв байгууллагын төрийн захиргааны болон төрийн тусгай албан тушаалтнуудын цалингийн хэмжээ нэг сая 283 мянгаас хоёр сая 716 мянган төгрөг хүртэл байх бөгөөд нийт 10 зэрэглэлийн зургаа нь хоёр сая төгрөгөөс дээш хэмжээтэй байна.

Тэгвэл эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн доод хэмжээ нэг сая 166 мянгаас нэг сая 805 мянган төгрөг хүртэл байна. Дотроо 10 зэрэглэлтэй бөгөөд бүгд хоёр сая төгрөгөөс доош үнэлгээтэй байгааг та бүхэн харж байна. Тус салбарынхны хамгийн өндөр цалин 1.8 сая төгрөг байх бөгөөд  зөвлөх эмч нар энэ хэмжээгээр цалинждаг аж.

Эрхэлж байгаа ажлынх нь ачаалал, нийгмийн ач холбогдол гээд аль ч талаараа дээрх ажлын албад болон төрийн захиргааны ажилтнуудаас дутахааргүй хэрнээ ийм ялгавартай, доогуур үнэлж байгаа нь угтаа монголын төр иргэдийнхээ эрүүл мэнд, хүний хөгжлийн асуудлыг доогуур эрэмбэлж байгаагийн илрэл гэж дүгнэж болох.

Эрүүл мэндийн салбар боловсон хүчний дутагдалтай тулдаа эмч, сувилагч, асрагч нар тулаа хийж, илүү цагийн нэмэгдэл нь “шүлс” шиг цалин дээр нь нэмэр болдог. Гэхдээ энэ нь цаагуураа эмч, ажилчдынхаа эрүүл мэндийг доройтуулж, цаашид энэ салбар улам л хүн хүчний дутагдалд орох нэг нөхцөл болж болзошгүй.

Эрүүл мэндийн байгууллагаас тусламж, үйлчилгээ авагчид, ялангуяа хагалгаанд орж байгаа иргэд, амаржиж байгаа эхчүүд ч эмч, ажилтнуудын гарыг цайлгадаг “бичигдээгүй хууль” манай үйлчилдэг. Нэг хэсэг нь талархсан сэтгэлээ илэрхийлж өгдөг бол нөгөө хэсэг нь “гар цайлгахгүй бол олигтой эмчилгээ хийхгүй байх” гэсэн айдсаар  өгдөг. Энэ нь зарим талаар шүүмжлэл дагуулдаг. Эмнэлгийн удирдлагууд ч үүнийг мэддэг. Гэхдээ “бага цалинтай, арай хийж ажилд нь тогтоож үлдээдэг болохоор иймэрхүү юмыг мэдээгүй юм шиг өнгөрөөхөөс өөр арга байдаггүй шүү дээ” гэх эмнэлгийн удирдлагатай таарч л байлаа.

Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан өнөөдөр /2025.10.29/ манай сайтад ярилцлага өгөхдөө сайдаар ажилласан дөрвөн жилийн хугацаандаа салбарынхныхаа цалинг 2.2 дахин нэмэгдүүлсэн гэж хэлнэ билээ. Тэгэхээр энэ салбарынхан саяханыг хүртэл бүр хэтэрхий хямд үнэлэгдэж байсан байгаа юм. Т.Мөнхсайхан мөн цалинг гүйцэтгэлээр нь үнэлэх системд шилжүүлж эхэлснээ ярьсан. Бодит байдал дээр гүйцэтгэлийн нэмэгдэл байдаггүй гэдгийг эмч нар хэлж байгаа.

Энэ салбарт эртнээс яригдсан эрүүл мэндийн байгууллагад санхүүгийн эрх өгөх, нэмэлт орлогоосоо эмч нараа урамшуулах асуудлыг хуулиар зөвшөөрсөн ч өнөөдрийг хүртэл огт хэрэгжсэнгүй. Харин ч дур мэдэн цалин нэмбэл тухайн байгууллагын дарга АТГ-т шалгагдаж, асуудалд орж болзошгүй гэдгийг салбарынхан хэлж байна.

Хүний хөгжил гэдэг эрүүл чийрэг, эрдэм боловсролтой иргэн бэлтгэхээс эхэлдэг. Хүн нь хөгжиж байж, улс хөгжинө. Тэгвэл хүний хөгжлийн нэг "даль жигүүр" болсон эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж, чанарыг дээшлүүлье гэвэл эмч, ажилтнуудын цалинг нэмж, нийгмийн баталгааг нь хангаж өгөх талаар дорвитойхон шийдвэр гаргаад өгөөч, Ерөнхий сайд аа!