m.mn
түрүүлж мэдээлнэ
Боловсрол
2025.10.30 10:48
195
Хэлэлцээрээ хурдан эхлүүлж, хаа хаанаа ажилдаа орвол яасан юм!

Сургууль цэцэрлэгийн багш нар ажил хаяад өнөөдөр 11 дэх өдрөө болж байна. Үндсэн цалингаа нэмүүлэхээр урт хугацааны ажил хаялт зарлаж байгаа хоёр дахь тохиолдол болж байгаа нь энэ юм. Өнөөгийн нийгэмд 1.4 сая төгрөгөөр хэн ч амьдрахгүй гэдгийг нь хүлээн зөвшөөрч, багш нарын ажил хаялтыг эцэг эхчүүд ч ойлгож, цалингаа нэмүүлчихээсэй хэмээн дэмжиж байсан. Гэвч одоо хэрээс хэтэрлээ. Хэлэлцээрээ хурдан эхлүүлж, шийдэл олж, хаа хаанаа ажилдаа орвол яасан юм. Боловсролын яам нь амралтын өдөр гэлтгүй ажиллаж, хэлэлцээ хийхийг хүлээсэн гэж байгаа бол ҮЭ амралтын өдрөөр уулзаагүй хэмээсэн нь хоёр тал бие биенээ хүлээгээд гэдийгээд байна уу гэх ойлголтыг төрүүлж байна. Энэ завсар хүүхдүүд хичээл сургуульгүй мэдлэгийн хоцрогдолд хүрэх нь байна.  Нөгөөтэйгүүр 1.4 сая төгрөгөөс 3.5 сая төгрөгт хүргэж хоёр саяар цалин нэмэх нь нийт дүнгээрээ 3,3 их наяд төгрөг ирэх жил эдийн засагт нийлүүлэгдэнэ гэсэн үг. Том агуулгаар нь авч үзвэл  эдийн засагтаа эргээд инфляци хөөргөдөх, бусад салбараа хөлдөө чирэх сөрөг нөлөө ч мөн дагуулахыг бодох хэрэгтэй. Учир нь боловсролын гэх салбар өөрөө том бүтэцтэй, 93 мянган багш ажилтан энэ салбарт харьяалагдан  ажиллаж амьдарч байгаа том айл юм.

  Хэлэлцэгч талуудын эрх ашиг 100 хувь нийлнэ эсвэл нэг тал нь л эрхээ 100 хувь эдэлнэ гэж байхгүй. Хаа хаанаа буулт хийж, зөвшилцөж харилцан тохирч байж хэлэлцээр амжилттай болно. 

Өнгөрсөн долоо хоногт буюу 10 дугаар сарын 20-24 ЕБС-ийн хувьд бие даалтын долоо хоног байсан. Гэвч цэцэрлэгийн багачууд 11 дэх өдрөө цэцэрлэгээ "тасаллаа". Хоёр настангууд арай гэж цэцэрлэгтээ дасч байсан нь энэ 11 хоногийн хугацаанд талаар болж, цэцэрлэг орж эхэлвэл шинээр дасах болж байна. Нөгөөтэйгүүр харах  эмээ өвөөтэй хүүхдүүдийн хувьд эмээ өвөө дээрээ өнжиж байгаа бол харах хүнгүй залуу гэр бүлийн хувьд хүүхдээ харах уу, ажлаа хийх үү гэдэг сонголттой 11 өдөр тулгарсан. Цаашид хэдэн өдөр ажил дээр хүүхдээ авчрах нь тодорхойгүй байгаа нөхцөлд аав ээж, хүүхдүүд аль аль талдаа зутарч гүйцлээ. 

Боломж нь байвал багш нарын цалинг 3.5 сая байтугай хамгийн сайн цалинтай байхыг бүгд хүлээн зөвшөөрч байгаа. Гэвч ардын нэг үг бий дээ. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жий гээд. Багш нарын цалинг эцэг эхчүүд өнөөдрийг хүртэл нэмэгдээсэй хэмээн дэмжиж байсан ч одоо тэвчээрийн хязгаарт хүрч байна. Салбар яамнаас ч тэр аль болох боломжит хувилбар санал болгож, гарц гаргалгаа санал болгож байгааг хаа хаанаа хүлээн авч, нийгмийг хэвийн амьдралд нь оруулвал яасан юм!