Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Ярилцлага
2025.10.30 11:27
2080
Ш.Жамъяндорж: Таны мөнгө шилжүүлэх гэж байгаа данс гэмт хэргийн бүртгэлтэй эсэхийг шалгах боломжтой болсон

Цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэргийн гаралт сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн. Тиймээс өглөөний зочиндоо ЦЕГ-ын УСХ-ийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Ш.Жамъяндоржийг урьж ярилцлаа. 

-Сүүлийн жилүүдэд залилах төрлийн гэмт хэргийн гаралт нэмэгдсэн байна. Жишээ татаж яривал нэг шөнийн дотор залилах гэмт хэрэг хэчнээн бүртгэгдсэн байна вэ?

- Гэмт хэрэг хэлбэрээ байнга өөрчилж байдаг. Хүмүүсийн дунд viral болж байгаа зүйлийг ашиглах байдлаар гэмт хэрэгтэн залилан хийх арга барилаа өөрчилж байдаг.  Ихэвчлэн айлын хаалга эвдэж хулгай хийж биеэрээ үйлддэг байсан. Үүнийг нь эрж хайгаад олдог. Гэтэл гэмт хэрэгтэн цахим залилан хийж, компьютерын ард өөрийгөө нуудаг болсон тул цагдаа ч мөн адил компьютерын араас цахим орчинд үлдээсэн ул мөрөөр нь эрэн сурвалжилж бидний арга барил, тактик ч өөрчлөгдөж байна.  Сүүлийн 10 жилээр харвал хулгайн гэмт хэрэг өсөлттэй байж байгаад одоо маш их бууралттай болсон. Харин залилангийн гэмт хэрэг өсөөд цахим залилангийн эзлэх хувь асар өндөр болсон. 

Өчигдөр шөнийн хувьд цагдаагийн байгууллагад онцлох 100 гаруй дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Харин залилах гэмт хэрэг өчигдөр шөнө 30 бүртгэгдсэн байна.

Хуучин хүний эрүүл мэндийн эсрэг, зам тээвэр, хулгайлах гэмт хэргүүд өндөр бүртгэгддэг байсан. Гэтэл өнөөдөр хамгийн өндөр байгаа нь залилангийн гэмт хэрэг болсон. Хулгайн хэрэг 10 дотор бүртгэгдсэн байна. 

Жишээлбэл, Орон байр хямд, боломжийн үнээр түрээсэлнэ гэх зар байршуулаад өөр хүн ирчихсэн сонирхож байна, тал мөнгийг нь одоо эсвэл шилжүүл гэх зэргээр залилж байна. Хүний яг авмаар байгаа хүсэл эрмэлзлийг ашиглаж байна.

Мөн хусаад хожоорой сугалаагаад иргэдийг их хэмжээний мөнгө хожсон байна, 10 хувиа шилжүүлээд мөнгөө аваарай гээд залилах тохиолдол гарч байна.  Хүмүүсийг нэг зүйлийг үнэхээр ойлгоосой гэж хүсдэг. Өмнө нь ямар нэгэн сугалаа худалдаж аваад хожихдоо 10 хувийн зардлыг бэлэн мөнгөөр эсвэл шилжүүлж авдаг байсан уу. Ийм сугалаа манай улсад нэг ч байхгүй. Та сугалаагаа мянган төгрөгөөр худалдаж аваад хонжвор хожсон бол тухайн компани нь татвараас бусад бүх мөнгийг хожсон иргэнд өгдөг. Банк дээр очоод зээл авахад хүртэл бусад зардлуудаа зээлж байгаа мөнгөнд нь шингээж суутгаад мөнгөө аваад үлдчихдэг.

Тэгэхээр та мөнгө авах гээд байхад танаас мөнгө авах гээд байгаа эргэлзээтэй байдал үүсэж байгаа эсэхийг сайн нягталж чадвал энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх боломжтой. 

-Хэдхэн жилийн өмнө энэ төрлийн гэмт хэрэг илрэхгүй байх эсвэл илрүүлэх гэж уддаг байсан. Харин одоо энэ төрлийн илрүүлэлт ямар түвшинд байгаа вэ

-Илрүүлэлтийн хувь өндөр байгаа. Цахим залилан илрүүлэхэд ямархан юм шиг боловч программ хангамж, мөрдөгчийн ур чадвар, цаг хугацаа гээд маш их зүйл шаардагддаг. Сугалаа, телеграм залилан газар дээр нь мөнгө шилжүүлдэг. Залилан гэж бодсон тэр дороо цагдаагийн 102 руу залгаад тухайн дансны дугааруудыг битүүмжлээд барилт хийгээд цагдаагийн байгууллагаас шалгаж дуусаад шүүх, прокурорт шилжүүлээд шүүхээс хохирлыг барагдуулах тогтоол гараад тухайн данснаас мөнгийг нь аваад хохирогчид өгдөг. 

-Бага хэмжээний мөнгө алдсан тохиолдолд зарим иргэд зүгээр л орхидог тохиолдлууд их байдаг. 

-Залилах гэмт хэрэгт энэ оны 9 сарын байдлаар нийт 53 тэрбум төгрөг алга болсон байна. Энэ бол зөвхөн бүртгэгдсэн тоо. Яг цахим гэвэл 18 тэрбум төгрөг. Үүний 11 тэрбум төгрөгийг цагдаагийн байгууллагаас битүүмжилж, буцааж нөхөн төлүүлэх ажиллагаагаа хийж байгаа.

Гэтэл иргэд их дүнтэй мөнгөө буцааж авахын тулд цагдаагийн байгууллагад ханддаг. 5-30 мянга ч юм уу бага дүнтэй байх үед ханддаггүй. Ингэж бага мөнгөөр олон иргэнийг хохироосон гэмт этгээдэд боломж олгоод байгаа.

Хохирсон л бол 5 мянган төгрөг байсан ч цагдаагийн байгууллагад хандаж мэдээлээд, ийм данс руу шилжүүлсэн гээд дансыг нь өгөх хэрэгтэй. Эсвэл иргэнд сэжигтэй санагдвал 102 аппликейшн руу ороод данс шалгах хэсэгт мөнгө шилжүүлэхээсээ өмнө дансыг нь шалгах боломжтой. Ингээд шалгаад үзэхээр тухайн данс гэмт хэргийн бүртгэлтэй эсэх нь гараад ирнэ. 

Бүтэн шууд дамжуулалт: