

Монголд яагаад хүмүүс улс төрд орж, улмаар төрд шургалах гэж үхэн хатан зүтгэдэг гээч. Тэнд маш их мөнгө, хөрөнгө эргэлдэж байдаг учраас захиран зарцуулах эрхийг олж авахын төлөө намууд нь ч, улс төрчид нь ч, бизнесмэнүүд нь ч өрсөлддөг. 21 дүгээр зууны эхэн үед социалист систем нуран унах үед энэ нийгэмд хамаарч байсан улсуудын Засгийн газрууд өмчөөсөө татгалзаж, хувьчилж эхэлсэн ч манай төр л хамгийн их өмчтэй үлдсэн байдаг.
Хөгжингүй орнуудын түүхийг харахад ч төрөө аль болох цомхон ажилтантай, багахан хөрөнгөтэй болгож, хувийн хэвшлүүдээ дэмжиж, бизнес эрхлэх, бизнесээ тэлэх, улмаар үндэстэн дамнасан корпораци болон хөгжихөд таатай эрх зүйн орчныг нь бүрдүүлж өгдөг байна.
Харин манай төр иргэдийнхээ, бизнес эрхлэгчдийнхээ хийж чадах ажлыг зэрэгцэн хийж, зах зээлийг нь булааж авдаг. Төртэй хэн өрсөлдөх вэ дээ, яваандаа монополь байдал тогтоодог.
Дээр нь зарим бүтээгдэхүүн дээр төр үнийн хязгаарлалт тавьж өгдөг. Тухайлбал, эрчим хүчээс эхлээд түлш, шатахуун гээд нэрлэж болно. Түлш, шатахуун бол гэрэл цахилгаантай эн дүйцэх ач холбогдолтой стратегийн бүтээгдэхүүн мөн үү гэвэл мөн. Аль аль нь бүх бараа бүтээгдэхүүний суурь үнэд шингэдэг. Тийм болохоор түлш, шатахууны үнийг чөлөөлснөөр импортлогчид үнээ нэмж, дагаад бусад бараа бүтээгдэхүүний үнэ өсөх эрсдэл бий. Гэхдээ том зургаараа харвал үнэ чөлөөлж байж л энэ салбарт чөлөөт өрсөлдөөн бий болно. Чөлөөт өрсөлдөөн гэдэг бол зөвхөн үнийг өсгөдөг биш, харин ч өөр хоорондоо өрсөлдөх явцдаа үнийг бууруулах боломжтой байдаг. Тэрхүү нөхцөл байдлыг бүрдүүлэхийн тулд өнөөдрийн багахан зовлонг даваад гарчихад учиртай л баймаар.
Үе үеийн Засгийн газар, салбарын сайд нар дээрх стратегийн бүтээгдэхүүнүүдийн үнийг чөлөөлөх хэрэгтэй гэж өөр хоорондоо сэм шивнэлддэг ч олон нийтийн өмнө чангахан дуугарч чаддаггүй, муу хүн болохоос, муухай харагдахаас айж ирсэн нь нууц биш. Хамгийн их шударга ёс, шинэтгэл ярьсан Л.Оюун-Эрдэний үед ч үүнийг зориглон эхлүүлсэнгүй.
Шатахууны үнийг хүчээр барьж тогтоодог нь ганц манайх биш. Бусад улсуудад ч ийм туршлага бий. Тухайлбал, Венесуэл улс иргэдийн хэрэгцээнд шатахууныг хөнгөлөлттэй үнээр олгосоор байгаа. Энэ нь зах зээлийн бодит өртгөөс хамаагүй хямд болохоор тус салбарын хөгжлийг боомилж байгааг экспертүүд хэлдэг.
Иран улс илүү өргөн хүрээг хамарсан хөнгөлөлт олгож ирсэн ч өнгөрөгч оноос хөнгөлөлтөд хамрагдах байгууллагын цар хүрээг хумьж, хувийг бууруулах алхам хийж эхэлсэн байна.
Индонези улс мөн л олон жил шатахуун импортлогчдод татаас өгөх замаар үнийг тогтоон барьж ирсэн ч өнгөрөгч оноос үнэ зохицуулалтыг зах зээлд өөрт нь даатгах чиглэлээр реформ хийж буй.
Саудын Араб зэрэг газрын тосны баялаг ихтэй улс орнуудад түлш, шатахуун маш хямд үнэтэй байсан ч 2016 оноос хойш үнээ бага багаар өсгөх болсон. Эдгээр улс орнууд түлш, шатахууны үнийг хүчээр барих нь буруу болохыг хүлээн зөвшөөрч, хөнгөлөлтөөс татгалзаж, үнэ чөлөөлөхийг эрмэлзэж байгаа юм.
Ер нь биеэ даагаад урагшлах боломжтой салбарт төр оролцсоноороо чөлөөт өрсөлдөөнийг хөхиүлэн дэмжих биш харин нухчин дарж байдаг. Төр оролцсон салбар бүр уруудан доройтож байгааг та бид бэлхэнээ харж буй. Энэ бол үнэндээ чөлөөт зах зээлээс ухарч байгаа хэрэг л дээ.
Цаашид стратегийн бүтээгдэхүүнүүдийг дэмжиж байгаа нэрийдлээр "чөдөр тушаа" болдог, хоцрогдсон арга барилаасаа салахыг салбарын сайд Г.Дамдиннямаас шаардаж байна. Салбарын сайд нь өдөр бүр "Бензиний нийлүүлэлт хэвийн байгаа, иргэд өөрсдөө зохиомол хомсдол үүсгэж байна" хэмээн попорч суухын оронд бодлогоо зөв тодорхойлж, танхимынхаа тэргүүнд танилцуулах аваас хамтаараа хэрэгжүүлэх эрх нь ч, үүрэг нь ч бий. Шинэ Засгийн газар авлигатай, тэр дундаа нүүрсний хулгайтай тэмцэнэ гэдгээ зоригтой илэрхийлсэн шигээ үнийг чөлөөлж, чөлөөт зах зээлийг хөхиүлэн дэмжих талаар дорвитойхон бодлогот гаргах хэрэгтэй!

