

Барилгачдын нэгдсэн холбооноос өнөөдөр мэдээлэл хийж, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдад шаардлага хүргүүлж байгаа талаар мэдэгдлээ. Тэд “Барилгын салбарт ажиллагсад бид 2020 оны сонгуулиас хойш таван жил болоход дөрвөн сайдын нүүр үзээд байна. Энэ засаг ойчих юм бол таван жилийн дотор таван сайдын нүүр үзэх нь. Төр тогтворгүй байхын үр дагавар юу вэ гэхээр барилгын салбарт ажиллаж байгаа 100 мянган иргэний эрх ашиг хохирч байна. Энэ олон сайд солигдохоор яам, агентлагийн газар хэлтсийнхэн нь солигддог. Төрийн тогтворгүй байдлаас болоод барилгын салбарт бүх бодлого алдагдсан. Норм норматив, техникийн бодлого, хууль эрх зүйн бодлого алдагдсан. Тийм учраас улстөрчдийг ухаантай байгаач ээ гэж хэлэх байна.
Бид бизнес хийж байгаа ч улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барилга барихын нэг онцлог нь цалин, тээвэр, машин механизм, бараа материалын үнийг эмч, багш нарын цалинтай адил тарифаар тогтоодог.
Зах зээл дээр цалин хөлс нэмэгдэж байдаг, түүнийг нь барилгын компани гүйцдэггүй, энэнээс болж барилгын компани алдагдал хүлээдэг. Тийм учраас сүүлийн хоёр жилийн хугацаанд энэ асуудлыг тавиад цалингийн 95 дугаар тушаал гэж гаргаад энэ алдаа дутагдлыг засъя гээд залруулаад явж байгаа.
Энэ асуудал сайдын тушаалаар хэрэгжихгүй байсан учраас ноднин өдийд жагсаал цуглаан хийж байгаад УИХ-ын 52 дугаар тогтоол батлуулсан. Энэ тогтоол нь 2009 оны цалингаар 2024 он дуустал явуулсан юм байна, энийг шийдэх нь зүйтэй гэсэн агуулгатай юм. Гэвч дээрх тогтоол хэрэгжихгүй байна.
Дээр нь улс, нийслэлийн төсвийн орлого бүрдээд байгаа юм уу, бүрдэхгүй байгаа юм уу. Бүрдэхгүй байгаа бол бид ажил хиймээргүй байна. Банкнаас зээл аваад ажил хийгээд байдаг, гэтэл санхүүжилтээ өгдөггүй. Үүнээс болж барилгын салбарынхан, ажил хийсэн хүн нь хохирч байна. Тендрээ зарлаад ажил хийсэн байдаг. Гэтэл Төрийн хэмнэлтийн тухай хуулиар зургадугаар сараас хойш гэрээ байгуулсан байна гээд хойшилдог. Бид хүчээр тендер зарлуулаад хүчээр ажил хийгээгүй шүү дээ ” гэлээ.
