Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
2025.10.30 16:19
182
“Дэлхийн өмнөд бүсийн хөрсний тогтвортой менежментийн чадавхыг хөгжүүлэх” төслийн нээлт боллоо

“Дэлхийн өмнөд бүсийн хөрсний тогтвортой менежментийн чадавхыг хөгжүүлэх” (SSC Soil) төсөл Монгол Улсад албан ёсоор нээлтээ хийлээ. Төслийн хүрээнд Монгол Улсад хөрсний зураглал болон лабораторийн чадавхыг сайжруулах, тариалангийн тогтвортой менежментийн сайн туршлагыг нутагшуулах, бүс нутгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх хөтөлбөр хэрэгжүүлнэ. Монгол Улс энэхүү төслийг хэрэгжүүлэх дэлхийн 4 дэх улс болж байгаа бөгөөд БНХАУ-аас хөрс хамгаалах чиглэлээр техникийн туслалцаа үзүүлэх юм.

Төслийг Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага болон БНХАУ-ын Хөдөө аж ахуйн яам хамтран хэрэгжүүлнэ. Энэ нь Монгол Улсад Өмнөд-Өмнөд хамтын ажиллагааны санаачилга (South–South Cooperation) хүрээнд хэрэгжиж буй хөрсний менежментийн чадавх сайжруулах анхны төсөл болж байна.

Төслийн нээлт, баримт бичиг хүлээж авах ёслолд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн оролцож, “Хөрсөө хамгаалах нь хүнсний аюулгүй байдалтай шууд холбогдох асуудал. Хөрс хамгаалах ажил нь зөвхөн өнөөгийн бус ирээдүй үр хойчдоо хөрөнгө оруулж буй томоохон хөрөнгө оруулалт билээ. Монголчууд сүүлийн 60 гаруй газар тариалан эрхэлсэн туршлагатай ч тогтворгүй менежментийн улмаас хөрсний доройтолд хүргэх бодит эрсдэл бий болсон. Бэлчээрийн даац олон дахин хэтэрч талхлагдах болсон зэрэг нь хөрсний тогтвортой менежмент нэвтрүүлэх байгалийн шаардлага тулгарсныг илтгэж байна. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага болон БНХАУ-ын Өмнөд-Өмнөд хамтын ажиллагааны санаачилгын хүрээнд хэрэгжих уг төсөл нь Монгол Улсын хөрсний тогтвортой менежментийг шинэ шатанд гаргана гэж итгэж байна. Төслийн үйл ажиллагаанд амжилт хүсээд, хамтдаа илүү ногоон, тогтвортой ирээдүйг бүтээцгээе” хэмээн уриаллаа.

“Дэлхийн өмнөд бүсийн хөрсний тогтвортой менежментийн чадавхийг хөгжүүлэх”  төсөл Монгол Улсад 2025–2028 онд хэрэгжинэ. Монгол Улсын хөрс хамгааллаар дамжуулан тогтвортой хөдөө аж ахуйг дэмжихэд бодит хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм.