

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Өчигдөр УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит бус хурал болж, бүлгийн нэг даргатай боллоо. Үүнийг намд үүсээд байсан хагарал эвлэрэх дохио гэж харж болох уу?
-Эвлэрлийг хайж байгаа нь зөв. Хайх ёстой. Үгүй бол эрх барьж байгаа хүчин хямарвал дагаад улс төр, эдийн засаг бүх юм хямарна. Одоо үүсээд байгаа багш, эмч нарын ажил хаялт аргагүй шүү дээ. Сая төгрөгийн цалингаар хэн ч амьдрахгүй шүү дээ. Цалин хөлсийг инфляцитай уялдуулж нэмээд яваад байсан ч 2021 оноос хойш бүх бараа бүтээгдэхүүний үнэ 2-3 дахин өслөө. Үнийн өсөлт цалингийн өсөлтөө хол хаячихлаа.
-МАН УИХ-ын сонгуулийн үеэр төрийн албан хаагчдын цалин, мөнгө нэмнэ ард иргэдийнхээ амьдралыг сайжруулна гэж амлалт өгч сонгогдсон шүү дээ. Тэгвэл эмч, багш нарынхаа цалинг нэмэхэд эрх барьж буй намын гишүүд ямар оролцоотой ажиллаж байна?
-Бид нэмье гэсэн ч Үндсэн хуулиар Засгийн газарт бүх эрхийг нь өгсөн. Үүнийг 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөлчлөлтөөр Засгийн газраас орж ирсэн төсөвт тааруулж л нэмж хасдаг болгосноос биш Засгийн газарт бүх эрх мэдлийг олгосон.
-Энэ нөхөлд та Засгийн газрыг яаж шахан шаардаж байна. Өнөөдөр багш, эмч нар бүгд л цалин хөлсөө нэмүүлэхээр ажил хаялт зарлах нь зарласан байна шүү дээ?
-Засгийн газрын тэргүүн нь төсөв дөнгөж өргөн барьчихаад арав хоногийн дараа боломж байсан байна гэж хэлж болохгүй шүү дээ. Засаг төр гэдэг дор хаяж нэг жилийн төлөвлөгөөтэй байх ёстой. Нэгхэн сарын цаадхыг харж чаддаггүй байж болохгүй. 8,9-р сарын гүйцэтгэлийг харсан чинь боломж байсан байна гээд багш, эмч нар эсэргүүцэлтэй зарлахаар нь ерөнхий сайд зарласан байдаг. Гуравхан сарыг төсөөлж харж чадахгүй бол явах хэрэгтэй. Адаглаад нэг жилийг төсөөлдөг хүн суух хэрэгтэй. Орлогын ийм боломж байгаа юм байна, ийм боломж байхгүй. Цалинг тэдэн хувиар нэмэх боломжтой гээд мэддэг хүн байх ёстой.
-Ерөнхий сайд Засгийн газрын эсрэг кноп дарсан хүндээ хариуцлага тооцож явууллаа. Ингэснээр Засгийн газарт эсрэг тэсрэг байр суурьтай, үзэл бодлоо илэрхийлж болохгүй гэсэн үг үү?
-Кабинетын зарчмаар ажиллах хуультай байдаг юм. Гэхдээ би ч кабинетад хоёр удаа суусан хүн шүү дээ. Сайдын албан тушаалд байхдаа би хоёр удаа Үндсэн хуулийг эсэргүүцэж нэг үгээр Засгийн газрынхаа эсрэг саналтай байсан. Учир нь одоогийн пропорцианаль тогтолцоо найз хүүхэн, найз нөхдөө улс төрд оруулдаг тогтолцоо болох гээд байнаа. Үүнийг боль. Намын дарга 40-50-аар нь жагсаалтад оруулдаг байж болохгүй гэж байсан. Тэгэхэд би Засгийн газрын оруулсан саналыг эсрэг дуугарч байсан. Тэр үед нь би “Намайг кабинетийн зарчмаар явуулж болноо. Гэхдээ би Үндсэн хууль дээр байр сууриа илэрхийлнээ” гэж хэлж л байсан. Гэхдээ үнэхээр Үндсэн хууль зөрчсөн асуудал байвал яаж дагах юм. Дагаж болохгүй шдээ. Ерөнхий сайд нь харьцангуй юм ойлгодог хүн байвал гэхдээ гайгүй өнгөрдөг юм билээ. Үнэхээр Үндсэн хуульд ингэж байгаа бол би ойлгож, хүндэтгэж байнаа гэж тухайн үед ерөнхий сайд байсан У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нар хоёулаа тэгж хэлж байсан.

35 жил явж ирсэн саналын томъёоллыг цэц захиалгаар ингэж болохгүй шүү дээ
-Х.Булгантуяа гишүүний хувьд Үндсэн хууль зөрчсөн гэж ҮХЦ үзсэн. Зарим хүн УИХ-ын гишүүнээс нь ч эгүүлэн татах хэрэгтэй гэж үзэж байна. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?
-Х.Булгантуяа гишүүний хувьд хэцүү байдалд орлоо шүү дээ. Гэхдээ Х.Булгантуяа өөрөө хэзээ ч дэг дээр байхгүй санал хураалт хийж болохгүй байсан. Дэг дээр байхгүй санал хураалт хий гэж шаардаад байна шүү дээ. Тэгэхээр Х.Булгантуяагийн зөв л дөө. Хуулиа дагасны төлөө Х.Булгантуяа буруудаж байгаа нь харамсалтай. Дэгийн тухай хуулийн 101.3 дээр “Ерөнхий сайдыг огцруулах асуудалд байнгын хорооноос орж ирсэн санал дүгнэлтийн дагуу ил санал хураалт явуулна” гэсний дагуу л санал хураасан. Их хурлын тухай хуулийн 22.3.7 дээр байнгын хорооны эрх байгаа. Үүнд их хурлаас томилогдох ерөнхий сайдыг огцруулах чөлөөлөх эгүүрэн татах, санал дүгнэлт гаргаж оруулна гээд байнгын хороонд үүрэг болгосон. Байнгын хороо ямар эрх үүрэг эдлэхийг Үндсэн хуулийн 28.2-оор тогтоосон. Их хурлын тухай хуульд Байнгын хороонд ерөнхий сайдыг огцруулах дүгнэлт гаргаж оруулна гэсний дагуу үүргээ биелүүлсэн.
-Үндсэн хуулийн цэц хэтэрхий нэг талыг баримталж шийд гаргасан гэж та үзэж байна уу?
-Цэц төрийг самарлаа. ҮХЦ үүнтэй нийлээд нийт гурван удаа төрийг самарч байна. Эхнийх нь 2015 онд С.Баярцогтыг огцруулах асуудалд их хурал сайдыг огцруулж болохгүй гээд нэг удаа самарсан. 2021 онд хоёр дахь самралтаа хийсэн. 2016 онд цэц их суудлаараа хуралдаад одоогийн найз хүүхэн, хамаатан саднаа оруулаад байгаа пропорциональ тогтолцоо байж болохгүй юм байна гэж шийдсэн байсан. Үүнийг 2021 онд их суудлын шийдвэрийг хүчингүй болгоод, энэ заваан тогтолцоог байж болох юм байна гэж оруулсан. Тэгээд одоо хар л даа. Тэрний дүү, тэрний эгчийн хүүхэд хамаатан садан гээд бүгд хамааралтай. Намын дарга хүн их хурлын гурван хүн тутмын нэгийг шийддэг болж болохгүй шүү дээ. Ард түмний сонголтыг байхгүй болгосон. Ард түмэн ч гэж ард түмэн. Үүнд дуугүй байна. Цэц буруу шийд гаргах нь ийм хор уршигтай. Гурав дахь самралт нь саяых. Олонхоороо огцруулъя гэдэг санал хураалт явуулаад ерөнхий сайд огцорсноос өөр санал хураалт яваагүй биз дээ. Хариуцлага тооцъё ч гэдэг юм уу өөр санал хураалт яваагүй шүү дээ. Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжээгүйг дэмжье л гэж байна шд.
-Энэхүү саналын томъёолол ойлгомжгүй байгаатай холбоотой Дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар зарим гишүүн санаачилга гаргасан байгаа шүү дээ?
-Уг саналыг дэмжсэн бол ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжсэнд тооцно гээд уг саналаар л санал хураасан. Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжээгүйг дэмжье гэж уг саналаар л хураасан байна шд. 35 жил ингэж санал хурааж ирснийг тэгвэл яах вэ. 35 жил ингэж явчихаад өнөөдөр бүх юмаа өөрчилье гэж болох уу. Байнгын хороо яагаад байгаа гээч. Үндсэн хуулийн 27.1 дээр УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ чуулганы хэлбэрээр хэрэгжүүлнээ гэсэн. Чуулган гэдэг нь нэгдсэн хуралдаан, байнгын хороог хэлж байгаа юм. Нэгдсэн хуралдаан, байнгын хороо нэгдээд чуулганы хуралдаан болдог. Тэгвэл байнгын хороо санал дүгнэлт бэлтгэн оруулж ирдэг. Чуулганы нэгдсэн хуралдаан дээр санал бэлтгэнэ гэж байхгүй шүү дээ. Тиймээс 35 жил бид байнгын хороон дээр ярилцаад саналын томъёоллоо нэгтгээд оруулж ирдэг. Одоо ч төсөв дээр тэгж явж байгаа. Цаашид ч ингэж л явна. Дэмжсэн дэмжээгүй саналаа л цаашид явна. Үүнийг өөрчилнө гэвэл 35 жилийн гарсан бүх шийдвэр бүгд буруу юу. Өмнө нь ч гэсэн 2019 оноос өмнө ерөнхий сайдыг яг энэ саналын томъёоллоор дэмжсэнийг дэмжих үү, дэмжихгүй юу гэж л огцруулсан шд.
-Жагсаалтаар сонгогдсон гишүүд төрд бэлтгэгдээгүй учраас санал дүгнэлт ойлгохгүй байгаатай холбоотой байна уу?
-Үгүй, цэцтэй энэ бүхэн холбоотой. 35 жил явж ирсэн саналын томъёоллыг цэц захиалгаар ингэж болохгүй шүү дээ. Дэгийн хуульд өөрчлөлт орвол төр самарсан юм болно. Чуулганы хэлбэрээр шийдээ гаргах хэрэгтэй. Нэгдсэн хуралдаанаар шийд гаргаж болохгүй. Байнгын хороо, нэгдсэн хуралдаан нийлж байж чуулган болно. Чуулганаар их хурал бүрэн эрхээ хэрэгжүүлнэ гэж байгаа. Сая үнэхээр увайгүй юм болсонд надад хэлэх үг алга.
-МАН-ын дарга одоо хэн байгаа вэ?
-Намын дарга бага хурлын дагуу Д.Амарбаясгалан хэвээрээ байгаа. Их хурлаар бид дүрмээ шинэчилнэ, УЗ байгуулах, ЕНБД-ын эрх олгох, намын хяналтын зөвлөл байгуулах , бага хурлаа байгуулж, даргаа сонгоно. Бид намын дүрмээ шинэчилж оноос өмнө дээд шүүхэд явуулж амжихгүй бол нам хүнд байдалд орно.
-Жигүүр, ахмад гишүүдийн зүгээс МАН-ыг тарах хэрэгтэй гэж үзэж байна?
-Тарвал монголын үндэсний аюулгүй байдалд нөлөөлнө. Үзэл санааны нэгдлээ байхгүй болгоно гэсэн үг. Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн дээр суурилж 1921 онд байгуулагдсан нам шүү дээ. Тиймээс энэ үзэл баримтлалаас хэзээ ч салж, сарниж болохгүй.
