

Өчигдөр буюу 2025 оны 10 сарын 30-ны өдөр Оюутолгой ХХК-ийн Худалдан авах газрын менежер Д.Амартүвшингийн шүүх хурал зохион байгуулагдсан байна.
Тодруулбал, Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүх Д.Амартүвшингийн гадуур шалгагдах хүсэлтийг хүлээн авч, хэлэлцсэн аж. Шүүх хуралдааныг Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн ерөнхий шүүгч Б.Халиун даргалсан ба Д.Амартүвшингийн хүсэлтийг бүрэн хангаж шийдвэрлэсэн байна. Хэргийн талаар эргэн сануулахад ТЕГ-аас 2025.10.23-ны өдөр гүйцэтгэх ажиллагаа хэрэгжүүлж, Оюутолгой ХХК-ийн Худалдан авах газрын менежер Д.Амартүвшин, ахлах менежер Ч.Нэргүй, Баяжуулах үйлдвэрийн дарга М.Ганболд нарын албан тушаалтнуудыг саатуулах үеэр 10 гаруй тэрбум төгрөгийн бэлэн мөнгө болон 15 тэрбум төгрөгийн үнэ бүхий тансаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ хураан авч, битүүмжилсэн юм.

Хялбар ажиллагааны шүүхээс Оюутолгой ХХК-ийн Худалдан авах газрын албан тушаалтнуудыг суллах шийдвэр гаргажээ. ТЕГ-аас гүйцэтгэх ажиллагаа хэрэгжүүлж Оюутолгой ХХК-ийн Худалдан авах газрын менежер Амартүвшин, Ганболд, Нэргүй нарын албан тушаалтнуудыг цагдан хорьж, мөнгө угаах гэмт хэргээр зүйлчлэн яллагдагчаар татсан талаар мэдээлэл нийтлэгдсэн билээ.
Тэгвэл өчигдөр буюу 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр дүүргийн Эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүхээс яллагдагч Д.Амартүвшингийн цагдан хориог дуусгах шийдвэр гаргасан байна.
Энэхүү хууль хяналтын байгууллагын олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлэх шүүх хуралдааныг Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн Ерөнхий шүүгч Б.Халиун гэгч даргалсан аж. Оюутолгой ХХК гэлтгүй ханган нийлүүлэгч нарын дунд цуутай Д.Амартүвшинг сулласан нь маш том хардлага төрүүлэх сэжүүр болж буй нь та бидний нүдэнд илхэн бизээ.

