

УИХ-ын нэгдсэн чуулган Ерөнхий сайдын асуулгын цагаар үргэлжилсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл ерөнхий сайдаас дараах асуултыг асуулаа.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Дундаж давхаргынхан улам хавчигдлаа. Танай засгийн газрын зүгээс бодлогын өөрчлөлт яаж хийх юм бэ? Ядуурлыг нэмж, дундаж давхаргаас ядуурал руу оруулж байгаа нэг асуудал эрүүл мэндийн асуудал байна. Айл өрхийн нэг гишүүн өвдөхөд тэр гэр бүл шууд эрүүл мэндийн ядууралд өртөж байна. Эрүүл мэндийн даатгалын систем аргацааж хийсэн өөрчлөлт дахин нэг ядуурлын шалтгаан болж байна.
Ерөнхий сайд Г.Занданшатар: Эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийн реформ гэдэг нь уул уурхайн хэт хамаарлыг ХАА, боловсрол, эрүүл мэнд, аялал жуулчлалаа эдийн засгийн бусад салбараа дэмжих замаар илүү чөлөөт зах зээлийг дэмжих бодлого руу оруулна. ЭМДС-ийн үр нөлөөг нэмж, цогц реформ хийхээр тусгасан байгаа. Иргэдийг гэнэтийн санхүүгийн дарамтад оруулж байгаа яруу тод илрэл нь ЭМДС-д төвлөрсөн нэг их наяд төгрөгийн 60 хувь нь эмчилгээний бус захиргааны болон бусад зардалд зарцуулагдаж байна. Иймээс санхүүгийн, бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх ёстой. Чанар хүртээмжийг сайжруулж, захиргааны зардлыг бууруулах хэрэгтэй. Өрхийн амьжиргаанд очиж байгаа санхүүгийн дарамтыг бууруулах нь гол зорилт байх ёстой.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Өнгөрсөн Засгийн газар тунхагласан зүйлүүд ийм байх ёстой гэх тунхагласан зүйл л маш их сонслоо. ЭМ-ийн санд сүүлийн зургаан жил лав өөрчлөлтийн цэг хатгасангүй. Үүний үр дүн өнөөдөр гарлаа. Боловсролын салбарт чадварлаг ажилтан мэргэжилтэн тэр чигтээ байхгүй. 100 тэрбум их наядаар нь мөнгө яриад байдаг ч өөрчлөлт шинэчлэл юу ч хийсэнгүй. Явсаар байгаад улс орон маань зах зээлд шилжсэн биш социализмын шинж чанартай байна. Бүх салбарт төр үнэ барьсан байна. Дундаж давхарга гэдэг зөвхөн эдийн засгийн ойлголт биш. Дундаж давхарга гэдэг улс орны хөгжил дэвшил ирээдүйг чирч явж байдаг. Үр хүүхдийнхээ боловсролд хамгийн их мөнгө зарцуулж, тухайн улс орныхоо нийгэм соёл, түүхэн бахархлаа тээж явдаг, улс орны тогтвортой байдлыг хангаж байдаг том бүлэг байдаг. Ардчилсан сонгуультай хүртэл дундаж давхарга холбогддог ойлголт. Үүнийг бид юу ч биш болголоо.
Ерөнхий сайд Г.Занданшатар:Бид зөвхөн ёстой гэж яриад байгаа юм биш. Өөрчлөлтийн реформыг эхлүүлсэн одоо цаг дээр ярьж байна. ЭМДС-ийн бүртгэлийг өөрчлөөд, хяналтын тогтолцоог өөрчлөөд их хуралд оруулж ирэх гээд ажиллаж байна. Бид хамтарч реформыг хийх ёстой. Хамтарч тарьсан 30 жилийнхээ алдаа завхарлыг хамтарч засъя. Эдийн засаг ядуурал бид бүгдийн алдаа. 27 хувь нь ядууралтай байвал зөв сонголт хийх ардчиллын баталгаа алдагдаж байдаг. Дундаж давхаргын эдийн засгийн доройтол цаад утгаараа ардчиллын доройтол. Эдийн засаг, ардчиллын чадавхийн хувьд ч хүртээмжтэй эдийн засаг чухал. Үүний тулд хамгийн тулгуур асуудал баялгийн хулгайтай тэмцэж, шударга ёсны сууриа тавих хэрэгтэй. Энэ бол нэг хүний хийх ажил ч биш. Баялгийн хулгайтай хийх тэмцэл гэдэг нь дундаж давхаргаа бэхжүүлэх гэсэн бодлого юм шүү.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Бодлогоор санаатай гэмээр ард түмнээ ядууралд байлгаж, олон их наяд мөнгөний цаана дундаж давхаргын бодлого гаргаж ирдэггүй. Хүний хөгжил , амьдралын чанартай холбоотой бодлого гаргадаггүйг нь харвал 15-р зууны үед Английн IV Хэнри хаан Ромын Папт хэлж байсан үгийг хэлмээр байна. "Та ард түмнээ мунхаг байлгахад зорь. Би ард түмнээ ядуу байлгахад зоръё. Тийм байхад та бид хоёр мөнхөд засаглаж чадна" гэсэн байдаг. Бараг санаатай гэмээр энэ бодлого өнгөрсөн хугацаанд үргэлжилжээ. Энэ бодлогод ийм тийм гэх тунхагийн төдий биш бодлогын ажил хийхгүй бол нийгэм буруу тийшээ явж байна.
Ерөнхий сайд Г.Занданшатар: Тиймээс тунхаг биш хэлсэн үгэндээ эзэн байж бид бодлогоо хэрэгжүүлэх ёстой. Баялгийн хулгайтай тэмцэх, үг үйл хэрэгтээ эзэн байж бид тэмцэнэ. Үйлийн үр, хийх ажлын үр дүн хэн нэгэн рүүгээ түлхэх биш, халамжийг шүтсэн биш, санаатай юм шиг явуулж ирсэн энэ хараат байдал руу шилжүүлсэн энэ нөхцөл манай эдийн засгийг маш эмзэг болгосон. Өр, импорт, шатахуун, эрчим хүч ямар байдалтай эдийн засаг бий болгов. Бид хэлсэн үгэндээ эзэн сууж чадаагүйгээс ийм нөхцөлд хүрсэн. Тиймээс үгэндээ үнэн байж, үйлдэл үйл хэрэг, үг бүрээрээ эх орныхоо төлөө хамтарч хэрэгжүүлье гэж хэлье.
