

“Оюу толгой” төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах хэлэлцээрийг Монгол улсын Засгийн газар, Оюу толгой талтай эхлүүллээ. Хэлэлцээрээр зээлийн хүүг бууруулахаар тохиролцож, протоколд гарын үсэг зурсан юм.
Эхний удаагийн хэлэлцээр түр завсарлаж, манай талаас тавьж буй бусад нөхцөлүүдийн талаарх шаардлагатай мэдээлэл, саналуудыг нягталж, ирэх арваннэгдүгээр сард үргэлжлүүлэн хэлэлцэхээр тогтов.
Зээлийн хүүг өөрчлөх ээлжит 7 жилийн хугацааг сунгасан гэж байгаа нь сайн мэдээ мэт боловч хэлэлцээр хугацаан дээр нээлттэй үлдэж байгаа нь нөгөө талдаа хугацаа тодорхойгүй болж үлдэх сөрөг талтай.
Ингэснээр өглөө бүр бидэнд нэмэгддэг 10 тэрбум төгрөгийн хүүгийн өр нэмэгдсээр байх болно.
Хэлэлцээр баасан гаригт дуусна гэж байсан. Нөгөө тал яваад өгснөөр энэ асуудал ямар ч хугацаанд үргэлжилж магадгүй болж байна. Уг нь зээлийн хүүг 2-3 эсвэл 4-5 хувиар буулгаж чадсан, ингэснээр өдөр бүрийн 10 тэрбум төгрөгийн хүүний өр 5 тэрбум юм уу болж буурсан гэсэн бодит шийдэл илүү чухал байлаа.
Өмнө нь 2018 онд яг ийм байдалтай байж байгаад дууссан. Тэр давтагдахгүй гэсэн баталгаа бий юу? Одоо бол бидэнд бодит үр дүн л хэрэгтэй.
Хянах боломжгүйгээс алдаж байдаг менежментийн алдагдалтай зардлуудыг нэхэмжлэх, их хэмжээний хүүнд өгсөн төлбөр дээрээ алданги ярьж, ард түмэнд ирэх ёстой 53 хувийг нэхэх, суурь гэрээнүүдийг эргэн харж өөрчлөх тухай ярих, болохгүй бол лиценз цуцлах тухай ярьж монголчуудад ашигтайгаар шийдүүлэх шаардлага байгаа. Хэлэлцээрээс хүмүүс ийм шийдлүүд хүлээж байгаа.
Энэ удаагийн хэлэлцээрийн бодит шийдэл нь яг юу байв?
