m.mn
түрүүлж мэдээлнэ
Live
2025.11.03 11:50
1982
Р.Даваадорж: Мөнгө хэвлээд цалинг 3.5 сая төгрөгт хүргэвэл зургаан сарын дараа Азийн Венесуэл болно

Ирэх оны төсөв, багш эмч нарын ажил хаялттай холбоотой эдийн засагч Р.Даваадоржтой ярилцлаа. 

-Ирэх оны төсвийн хэлэлцүүлэг болж байна шүү дээ. Нийт таван удаагийн хэлэлцүүлэг хийхээс гуравдугаар хэлэлцүүлэгтээ ч ороогүй байна. Гэтэл хуулийн хугацаа нь энэ сарын 15-нд батлах шүү дээ. Хугацаандаа амжиж батлах у?

-Энэ долоо хоногт гуравдугаар хэлэлцүүлэг нь их хурлаар орж ирнэ. Гуравдугаар хэлэлцүүлэг дээр энэ төсөлд юу өөрчилж болох уу яах вэ, багш эмч нарын бухимдаад байгаа мөнгийг тавьж болох уу үгүй юу гэдэг дээр санал хураалт явуулна. Дөрөв, тав дахь хэлэлцүүлэг нь үг үсгийн алдаа найруулга дээр л ажилладаг тул сүүлийн хэлэлцүүлэг нь хурдан явна.  Монголын төр төсвийнхөө асуудлыг ийм анхааралгүй, хариуцлагагүй байсныг анх удаа л харж байна. Гэтэл гадаа эмч эмнэлгийн ажилтнууд, багш нар ажил хаясан, ахмадууд суулт зарласан байна. Энэ бүхнийг шийдэх шийдэл нь төсөв. Гэтэл төсвийн хэлэлцүүлэг ямар байдалтай байгааг та бүхэн харж байгаа. Гэхдээ ямар ч байсан хугацаандаа батална гэж харж байна. 

-Багш нар ажил хаяад өнөөдөр 13 дахь өдрөө болж байна. Эмч нар мөн ажил хаяна гэж байна. Эдгээр ажилтны цалинг 3.5 сая төгрөгт хүргэх эх үүсвэр төсөвт бий юу?

-Төсөв гэдэг хуулиар зохицуулагдсан улс орны амин чухал бичиг баримт. Улс орны тусгаар тогтнолтой ч холбоотойгоор авч үздэг. Хугацаандаа баталж чадахгүй бол парламент тарна. Одоогийн байдлыг харахаар гадаа болж байгаа жагсаалтай холбоотой энийг хасаад энэ дээр нэмчихье гэх байдлаар тооцоотой, хугацаатай бүгдийг нарийн тооцдог. Хэрэв их хурлын 126 үүнийг шийддэг юм бол төсвийн байгууллагууд байгаад яах юм. Үүнээс ямар нэг байдлаар цалин нэмэх, урсгал зардал нэмэх туйлын хүнд. Зургаан их наяд төгрөгийн асуудал яригдаж байна шүү дээ. Монголын төрийн албан хаагч 7.5 их наядын цалин, урсгал зардал 24 их наяд, тэтгэвэр халамж бараг 9 их наяд гээд өөрөөр хэлбэл 50-аас дээш хувь нь цалин, тэтгэвэрт явж байхад нэмж зургаан их наядаар зөвхөн боловсрол, эрүүл мэндийнхээ салбарыг нэмнэ гэдэг боломжгүй. Төсвийн чухал үед бослого гаргах нь туйлын буруу. Энэ нь улс орныхоо эдийн засгийг унагаана гэсэн үг. Яагаад 1.5 сая төгрөг өнөөдөр хүрэхгүй болсон шалтгааныг мэдсэн үү. Энэ бидний сонгосон засаг төрийн байж байгаа царай. Бидний сонголт буруу байжээ гэдгийг хэлэлцэх ёстой болохоос шууд төсвөөс нэмэх гэж муйхарлах нь буруу. Цалин нэмэх хоёрхон арга бий. Нэг нь татвар нэмэх, нөгөө нь мөнгө хэвлэх. Мөнгөө хэвлээд бид 3.5 сая төгрөгийн цалин өгвөл зургаан сарын дараа Венесуэл болно. Нэг ширхэг талх арван мянган төгрөгт хүрч, долларын ханш 10 мянгад хүрнэ. Бүтээмжгүй мөнгө нэмж болохгүй. 2021 онд 13 их наяд байсан төсвийг өнөөдөр гурав дахин нэмлээ. Дарга цэрэг нарын хэрэглэх мөнгө, цалин ч гурав дахин өссөн. гэвч амьдралд хүрэхгүй байгаа нь валютын ханш тогтвортой байлгах бодлого нь байхгүй байна. 

Хувийн хэвшлийнхний татвар нэмэх ямар ч боломж алга. Өнөөдөр улиралд 16 мянган ААН хаалгаа барьж байна. Энэ оны гуравдугаар улирлын дүнг харахад ААНОАТ нэг их наядаар тасарсан байна. 

Өөрөөр хэлбэл ААН тамирдсан та нарын цалин нэмэх мөнгө байхгүй. Эмч, багш нарын цалин нэмэх ёстой юу гэвэл тийм. Гэвч брууутан нь өнгөрсөн дөрвөн жилийн буруу бодлогын гай гарч ирж байна. 2019 онд тэтгэврийн зээлийг тэглэж, 3-3 дахин тэтгэвэр нэмсэн. Бүтээмжгүй мөнгө нэмэх нь үр дүн авчрахгүй.

-Цалинг нь 3.5 сая төгрөг болговол бусад салбартаа ямар нөлөө үзүүлэх вэ?

-Энэ юунаас эхлэлтэй вэ гэвэл орон нутгийн сонгуулийн өмнө УБ хот 500 сая доллар гаднаас зээлж ТҮК болон автобусны жолооч нарын цалинг 1000 ам.долларт хүргэсэн. Энэ нь сонгуульд санал авах л зорилготой байсан. Энэ нь сүүлийн арваад жилд улс төрийн намуудын хийж байгаа муйхар шийдвэрийн нэг. Энэ шийдвэрийг харсан багш нар бухимдах нь зөв.