

НЗД-ын орлогч А.Амартүвшинээс цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Тэрээр “ Өнгөрсөн онтой харьцуулахад агаарын чанар 5-15 хувиар сайжирсан. Хотын дарга арванхоёр сарын 15-нд агаарын чанарыг хэмжиж танилцуулна. Өнөөдрийн байдлаар 122 мянган угаар мэдрэгч айлуудад тавигдсан. Одоо 45 мянган угаар мэдрэгч нэмэгдэнэ. Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн нэгдсэн хяналтын цэг дээр угаар мэдрэгчээ хянаад явж байна.
9 сарын 15-аас хойш 22 мянган дуудлагыг хийж, зөвлөгөө өгсөн. Хэрвээ утсаа авахгүй бол 5-7 минутад очиж тусламж үзүүлж байгаа.
Харамсалтай нь 2025-2026 оны галлагааны улиралд 9 иргэн амиа алдсан байна. Энэ нь ихэвчлэн өрхөө бүтээсэн, яндангаа сугалсан, битүүмжийн асуудал, угаар мэдрэгч нь дугараад байхад унтраасан зэрэг асуудлаас болсон.
Энэ долоо хоногт багтааж иргэдийн бүртгэлийг цэгцэлнэ. Түр оршин суугчид дээр бүртгэлийн асуудал үүсэж байгаа.
7200 гаруй нас барсан иргэний “сайн” картыг ашиглаж нүүрс авч байсан зөрчлийг зогсоосон. Мөн 32 мянга гаруй түр оршин суугчийн картыг ашиглаж нүүрс нөөцөлж, орон нутаг руу дамлан зарж байсныг зогсоосон. Үүнийг цэгцлэхийн тулд түр оршин суугчийн сайн картыг хүчингүй болгосон.
Долоо хоногийн өмнө гэхэд л Говь-Алтай аймагт ачааны машинаар нүүрс зөөж байгааг илрүүлсэн. Энэ мэт хулгай ихээр гарч байна.
Өнгөрсөн баасан гарагт Тавантолгой дээр очиж ажилласан. Иргэдэд гурван сонголтоор нүүрсийг борлуулж байгаа.
Зарим цэгүүдэд нүүрс дууссан байна гэх мэдээллийн дагуу 10 баг гарган миний бие хамт ажилласан. Хурдан дуусаад байгаа цэгүүдэд нүүрс нийлүүлэлтийг нэмэгдүүлсэн. Нөөцтэй хонож байгаа цэгүүдийг багасгасан.
Өнгөрсөн шөнө гэхэд 397 цэгээр нүүрс борлуулж байгаагийн 315 цэг дээр 2500 тонн нүүрсний нөөцтэй хоносон. Тэгэхээр 50-60 цэг дээр нүүрсний нөөцгүй хонож байгаа гэсэн үг. Эдгээр цэгүүдийн нөөцийг нэмэгдүүлж, хараа хяналтаа сайжруулна” гэв.
Шууд дамжуулалтыг үзэх:
