Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
4 цагийн дараа
90
ХААН Банк “Гадаад төлбөр тооцоо, худалдааны санхүүжилт” сэдэвт  сургалт зохион байгууллаа

ХААН Банк гадаад худалдаа эрхлэгч, олон улсын төлбөр тооцоо тогтмол гүйцэтгэдэг харилцагч аж ахуйн нэгж, байгууллагын төлөөллүүдэд зориулан “Гадаад төлбөр тооцоо, худалдааны санхүүжилт” сэдэвт сургалтыг 2025 оны 10-р сарын 24-ний өдөр амжилттай зохион байгууллаа.

Сургалтын хүрээнд ХААН Банкны мэргэжилтнүүд гадаад худалдааны салбар дахь эрсдэлийн удирдлага, комплаенсийн зохицуулалт, санхүүжилтийн шийдэл, гадаад төлбөр тооцоо хийхэд анхаарах зүйлс зэрэг чухал сэдвээр илтгэл тавьж, мэргэжлийн мэдлэг, туршлагаа хуваалцлаа. Түүнчлэн худалдааны санхүүжилтийн үйл ажиллагааг оновчтой болгох, эрсдэлийг бууруулах, шинээр гарч ирж буй боломжуудыг ашиглах талаар практик зөвлөгөө өгч, кейс судалгаа болон интерактив хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

ХААН Банкны Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч Б.Эрдэнэдэлгэр нээлтийн үеэр хэлсэн үгэндээ “ХААН Банк корреспондент банкны харилцаатай банкуудаараа дамжуулан харилцагчдынхаа гадаад төлбөр тооцоог хурдан шуурхай гүйцэтгэхэд анхаарч  ажилладаг.  2025 оны эхний гурван улиралд Монгол Улсын зах зээлд тэргүүлэгч байр суурьтай байна. Мөн ХААН Банк Европын сэргээн босголт, хөгжлийн банк, Азийн хөгжлийн банк, Олон улсын санхүүгийн корпорац зэрэг хөгжлийн банкуудын худалдааны санхүүжилтийг дэмжих хөтөлбөрийн идэвхтэй гишүүн бөгөөд уг хөтөлбөрөөр дамжуулан харилцагчийн хэрэгцээ шаардлагад нийцэхүйц худалдааны санхүүжилтийн бүтээгдэхүүн үйлчилгээг чанарын өндөр түвшинд хүргэн ажиллаж байна” хэмээн онцоллоо.

Олон улсын худалдааны нөхцөл байдалд тулгуурлан харилцагчдадаа мэдлэг, туршлагаа хуваалцдаг энэхүү сургалтыг ХААН Банкнаас гурав дахь удаагаа зохион байгуулж байна. Энэ жилийн онцлог нь практик кейс, бодит жишээнд тулгуурлан сонирхолтой хэлэлцүүлэгт оролцогчдыг татан оролцуулсан юм.

ХААН Банк цаашид харилцагчдынхаа гадаад худалдааны үйл ажиллагааг өргөжүүлэх, олон улсын түвшинд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн мэргэжлийн сургалт, арга хэмжээг тогтмол зохион байгуулж, хамтын өсөлтийг  эрхэм болгосон бодлогыг хэрэгжүүлсээр байх болно.

Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк