m.mn
түрүүлж мэдээлнэ
Нийгэм
5 цагийн дараа
87
Гэр бүлийг дэмжих тухай хуулийн онцлог заалтууд

Манай улс 1999 онд анх Гэр бүлийн тухай хуулийг баталж байсан. Үүнээс хойш  2012, 2018, 2021 онд гэхчилэн найман удаа  нэмэлт өөрчлөлт оруулж байжээ. Тэгвэл Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл өргөн барьж, өнөөдөр ЗГ-ын хуралдаанаар хэлэлцэж байна. 

Хуулийн төсөлд орсон зарим шинэлэг заалтуудад залуу гэр бүлийг хэрхэн дэмжих, хүн амаа өсгөх бодлогод төр ямар зохицуулалт хийх талаар оруулжээ. Тухайлбал, 7 дугаар зүйл. Орон сууцны дэмжлэг үзүүлэх. Үүнд 7.2.1.залуу гэр бүл, 4 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл анх удаа  орон сууц худалдан авах тохиолдолд Үндэсний баялгийн сангийн тухай  хуулийн 10.1.2-д заасан Хуримтлалын сангийн мөнгөн хөрөнгөөр төрөөс  хэрэгжүүлж буй орон сууцны санхүүжилтийн хөтөлбөрт эхний ээлжид хамруулах,

7.2.3.энэ хуулийн 7.2.1-т заасан хөтөлбөрт хамрагдах боломжгүй 4  ба түүнээс дээш хүүхэдтэй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй гэр бүлийг эхний ээлжид түрээсийн орон сууцанд хамруулах гэж заажээ.

Наймдугаар зүйлд татварын хөнгөлөлт, урамшууллын тухай зүйлд  3 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлийн эхнэр, нөхрийн аль нэгний цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого, 4 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл орон сууцны нөхцөлөө  сайжруулах зорилгоор анхны орон сууцаа борлуулснаас олсон орлогод татварын хөнгөлөлт, чөлөөлөлт олгоно гэж заажээ. 

Хамгийн сонирхолтой шинэлэг заалт нь есдүгээр зүйл буюу ажил амьдралын тэнцвэрийг хангах тухай заалт юм. 

Энэхүү зүйлийн 9.1.1-д сургуулийн өмнөх болон бага боловсролд хамрагдаж байгаа хүүхэдтэй ажилтны хүсэлтээр хүүхэд харах үйлчилгээ, цэцэрлэг, сургуульд  хүүхдээ хүргэж өгөх, авахад нь зориулж, ажилтны цалин хөлсийг нь бууруулахгүйгээр ажлын цагийг 2 хүртэлх цагаар богиносгох гэж заажээ. 

Ажилтны зүгээс авч үзвэл энэ нь таатай нөхцөл боловч ажил олгогчийн зүгээс авч үзвэл зөрүү хоёр цагийн цалинг хэн олгох, төрөөс зөрүүнд нь татварын хөнгөлөлт чөлөөлөлт олгох эсэх нь эргэлзээтэй. Энэхүү заалтыг  ажилтан, ажил олгогч харилцан зөвшилцөж, дотоод хэм хэмжээндээ тусган хэрэгжүүлж болно гэж заасан нь хэрэгжүүлж болно хэрэгжүүлэхгүй байж болно гэх утга агуулж байна. Энэ нь бага насны хүүхэдтэй эмэгтэйчүүдийг ажил олгогч ажилд авахгүй байх үндэслэл ч болохыг үгүйсгэхгүй. 

Бага насны хүүхэдтэй эмэгтэйчүүдийн гэр бүлдээ зарцуулах цагийг энэхүү хуулиар зохицуулж байгаа хэмээн попорч болох ч  амьдрал дээр  хэрэгжихгүй байх магадлалтай. "Ардын элч" кинонд гардагчлан "Сайхан хоолны нэр хэлэваа" гэдэгчлэн амьдралд хэрэгжихгүй зүйл, заалтыг ийнхүү шинэ хуулийн төсөлд оруулжээ.