m.mn
түрүүлж мэдээлнэ
Засгийн газар
36 мин дараа
156
Монгол, Казакстан хоёр улсын ажилласан жилийг нэгтгэн тооцохоор боллоо
Монгол Улсын Засгийн газар Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг өнөөдөр Улсын Их хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж соёрхон баталлаа. Энэхүү хэлэлцээрийг хоёр улсын шинжээчдийн хамтарсан ажлын хэсэг байгуулан 2018 оноос хойш 18 удаагийн хэлэлцээ хийж эцэслэн боловсруулжээ. Хуулийн төсөл батлагдаж, хэлэлцээр хэрэгжсэнээр:
Хоёр улсын аль нэгэнд шилжин суурьшсан иргэн 1998 оноос өмнө Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсад ажилласан, шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн хоёр улсын хууль тогтоомжийн дагуу тэтгэвэр тогтоолгох;
1998 оноос хойш Бүгд Найрамдах Казахстан Улсад хуримтлалын тэтгэврийн санд шимтгэл төлсөн Монгол Улсын иргэн Бүгд Найрамдах Казахстан Улсын хуримтлалын тэтгэврийн сангаас тэтгэвэр тогтоолгон авах боломж бүрдэж тухайн хүний ирээдүйн нийгмийн хамгааллын баталгаа хангагдах юм. 
Холбогдох албаны өгсөн мэдээллээр 2023 оны байдлаар БНКУ-д Монгол Улсын 8,036 иргэн оршин сууж байгаагаас 3,115 иргэн албан ёсоор ажил хөдөлмөр эрхэлж байгаа бол Монгол Улсад БНКУ-ын 564 иргэн оршин сууж байна.
 
Дээрх хууль батлагдсантай холбогдуулан бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагагүй бөгөөд хоёр улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу тэтгэвэр тогтоож олгох тул нийгмийн даатгалын санд санхүүгийн илүү дарамт үүсэхгүй юм.
 
Дэлхий нийтээр шилжин суурьшигч иргэд, тэдний гэр бүлийн нийгмийн хамгааллын эрхийг хангах хүрээнд Монгол Улсын иргэд олноор ажиллаж амьдарч буй улс орнуудтай Монгол Улс нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулан ажилладаг. Өнөөдөр батлагдсан хэлэлцээрээс гадна зургаан улстай нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах хэлэлцээр байгуулан хэрэгжүүлж байгаа бөгөөд Бүгд Найрамдах Австри Улс, Австралийн Холбооны Улстай хэлэлцээр байгуулах, ОХУ-тай байгуулсан хэлэлцээрээ шинэчлэн байгуулахаар ажиллаж байна.