

Тавантолгой тойрсон улс төржилтөд цэг тавихаар ерөнхий сайд асан С.Баяр "Тавантолгойн цагаан толгой" нэртэй үнэн зөв, бүрэн бүтэн баримт мэдээлэл бүхий ном бичжээ. Уг номдоо С.Баяр 17 жилийн өмнө Засгийн газар удирдаж байхдаа хөдөлгөсөн томоохон төслүүд болох оюутолгой, тавантолгой, Атрын III аян хэмээн нэрийдэж, Тавантолгойн бүлэг орд газрын тухай ярих, тайлбарлан таниулах, маргах ээлж ирснийг онцолжээ.
Учир нь УИХ-ын гишүүн О.Алтангэрэл өнгөрсөн хавар Хууль зүй, дотоод хэргийн сайдын албыг хашиж байхдаа Тавантолгойн бүлэг ордын нэг болох Ухаа худаг “Энержи ресурс”-ын мэдэлд очсон асуудлыг судлах Ажлын хэсгийг ахалж, улмаар “Хууль зөрчсөн” гэж мэдэгдэл хийсэн.
Улмаар "Тавантолгой стратегийн орд газарт холбогдох баримт бичгүүдийн эмхэтгэл" гэх хоёр боть ном бичиж тараахдаа зарим баримт бүрэн биш, ялангуяа Тавантолгой орд газрын талаар гарч байсан албан ёсны шийдвэр, төрийн аудитын байгууллагаас хийсэн шалгалтын материал, хийгдсэн төлбөрийн баримт зэрэг чухал баримтыг оруулалгүй орхисон хэмээн үзжээ.
Иймээс С.Баяр нэгэн цагт ЗГ тэргүүлж байсны хувьд гаргасан шийдвэр, түүнээс үүдсэн сайн муу үр дүнг хариуцах үүрэгтэй гэж үзэн бүрэн агуулга бүхий "Тавантолгойн цагаан толгой" номыг бүтээсэн байна.
Тавантолгой орд газрын лицензийн гэрээ, шилжилтийн талаар эхний бүлэгт дурджээ. Үүнд Тавантолгойн нүүрсний бүлэг орд газарт хуулийн дагуу эзэмшиж байсан зургаан лицензийн тавыг нь төрийн мэдэлд буцаан авч, нэгийг нь тус компанид буцаасан. Өөрөөр хэлбэл хувийн хэвшилд шинээр ямар нэгэн лиценз олгоогүй, харин төрийн мэдэлд буцаан авсан.
Хоёрдугаар бүлэгт үр өгөөжийн татвар ашгийн талаар дурджээ. Үндсэн хуулийн 2019 ны нэмэлт өөрчлөлтийн үзэл баримтлал, агуулгын дагуу Тавантолгой орд болон Ухаа худагийн үр өгөөж ямар байгааг "Энержи ресурс" ХХК-д хандан тайлбар тодруулга авсныг эмхэтгэсэн.
Гуравдугаар бүлэгт "Энержи ресурс" компанийн татвар төлөлттэй холбоотой асуудлаар тус компаниас ирсэн баримт тайлбарыг бүрэн эхээр хавсаргасан байна.
Орчин цагт ажил хийсэн нь адлуулж, нөгөө талаас хуулийг өөрт ашигтай байдлаар тайлбарлан олон нийтийг төөрөгдүүлэх болсон. Үнэн худал нь мэдэгдэхгүй олон баримт сэлт, мэдээлэл хөвөрч байх цаг хугацаанд Тавантолгой төслийг хөдөлгөсөн Засгийн газрын тэргүүн асан С.Баяр өөрт байгаа баримт сэлтийг ийнхүү дэлгэлээ. Худал үгийг мянга давтвал үнэн болно гэдэг ч "Тавантолгой цагаан толгой" номд баримт өөрөө үнэнийг өгүүлж байна.
