m.mn
түрүүлж мэдээлнэ
Нийгэм
2 цагийн дараа
851
Ц.Болор-Эрдэнэ: Иргэдийн амьдрал үнэхээр, миний  төсөөлснөөс ч хүнд байна

СХД-ийн 2-р хороо Нарангийн голд "Өгөөмөр хайр" хувцас үнэгүй тараах цэг ажиллаж эхлээд зургаахан хонож байна. Гэвч энэ богино хугацаанд 100 гаруй хүнийг баярлуулж, өвлийн дулаан гутал хувцастай болгожээ. Энэ нь ашгийн төлөө бус сайн дурын үйл ажиллагаа учраас долоо хоногийн гурван өдөр дэлгүүр ажиллаж, бусад үед нь иргэдээс өгсөн хувцас цуглуулах, ангилан ялгах ажлуудаа хийдэг байна. Биднийг 14 цагийн үед очиход гурван ч ээж хүүхдүүддээ тор дүүрэн хувцас сонгож аваад баярласнаа илэрхийлэн гарахтай таарав. Ээжүүд, хүүхдүүд, өсвөр үеийнхэн гээд энэ төвөөр эр эмгүй, бүх насныхан үйлчлүүлж байна. 

Тус төвийн менежер Ц.Болор-Эрдэнэ "Хүүхдээ хардаг ээжүүд ирээд хүүхдүүддээ, нөхөртөө гээд дулаан хувцас аваад баярлаад гарахыг нь харах сайхан байдаг. Сайн дурын ажил хийж, хүмүүсийг баярлуулснаар би өөрийнхөө эгогоо мөн баярлуулж байна шүү дээ. Өсвөр үеийнхэн хүүхдүүдэд жинсэн өмд их хэрэгтэй байдаг юм байна. Дэлгүүр 10-17 цаг хүртэл ажиллахад онгойх үеэр түрүүлж ирсэн нь хамаг дулаан зузааныг нь шилж сонгоод авч байна. Бидэнд хамгийн дутагдаж байгаа зүйл нь дулаан хувцас, хүүхдийн тоглоом, оймс, хүүхдийн ном сурах бичиг.

Заримдаа ч хүмүүс хоёр өрөөсөн оймстой "Зузаан оймс байна уу" гэж сураглаад л ороод ирдэг. Хүмүүсийн илгээсэн хувцас халтар үгүйг нь ч тоолгүй хамаагүй ээ угаагаад өмсчихнө гээд л баярлаад гарч байна. Иргэдийн амьдрал үнэхээр, миний  төсөөлснөөс ч хүнд байна.

Дэлгүүртээ өлгөхийн өмнө би ангилан ялгадаг юм. Зарим нь ч бас арай дэнднээ гэмээр хувцас ч ирнэ. Эмэгтэйчүүдийн дотуур хувцас, турсик ч ирнэ.

Хайртай хүүхдийх нь өмсч байсан хувцсыг баярлалаа гэж авчихаад хэрэггүй юм байна гээд шууд хаячихаж болохгүй шүү дээ. Тэр болгоныг нь ангилж ялгаад боломжгүйг нь хашаандаа шатаадаг" гэлээ. 

Биднийг сурвалжлах үеэр нэгэн эмээ ирж куртик авч таарлаа.  Тэрээр "Буянтай сайхан газар нээж байгаад нь баяртай байгаа. Би зузаан куртик байна уу гэж харахаар ирлээ. Шинэ куртик дэлгүүрээс авъя гэхээр үнэ нь дийлдэхгүй үнэтэй юм байна шүү дээ. Ашгүй эндээс куртиктэй боллоо. Надад гэрт мөн өмсөхгүй олон хувцас бий. 70 хүрсэн хүн олон хувцсаар яахав. Хуучин бол өмсөхгүй хувцсаа шатаадаг байлаа. Одоо шатааж ч болохгүй болсноос хойш хэрэгтэй хүн нь авсан нь дээр гээд энд авчирч өгье гэж бодож байгаа. Одоо өвлийн улиралд зузаан өвлийн хувцас, куртик хүмүүс их авчирч өгөөрэй. Буянтай ажил хийж байгаа энэ охиныг дэмжээрэй" гэлээ. 

Хөдөө орон нутгаас ч хүмүүс хувцас авахаар, өгөхөөр холбогдож байгаа юм байна. Одоогоор Кинг Товерт дөрвөн байршилд хувцас хийх сав байршуулсан. Иргэдийн өгсөн хувцсыг Нарангийн голд зорилтот бүлэгт авчирч үнэгүй өгч байгаа юм байна. Албан байгууллагууд нормын зузаан хувцсаа солихоор болвол, мөн хувцас шатаах ажилд сайн дураар хамтарч ажиллах байгууллага байвал хайж байгаагаа мөн дуулгалаа.  

Цаг ямагт зузаан хувцасны хэрэгцээ үүсдэг тул зузаан гутал хувцас, хүнд хэрэгтэй юу л байна манайд хандивлаарай гэсээр тус төвийн менежер үлдсэн юм.