

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Монос хүнс” ХК-д ажиллалаа.
“Монос Хүнс” ХК нь 2012 оноос хойш 13 дахь жилдээ эрүүл мэндийн хүнсний үйлдвэрлэл борлуулалтын чиглэлд тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна.
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд олгосон бага хүүтэй урт хугацаатай хөнгөлөлттэй зээлд хамрагдсанаар үйлдвэрийн хүчин чадал гурав дахин, борлуулалтын орлого нь 68%-аар нэмэгдсэн байна.
Ингэснээр дэвшилтэт тоног төхөөрөмж бүхий шинэ үйлдвэрээ ашиглалтад оруулж хүнсний агуулахаа өргөтгөхийн зэрэгцээ нийслэлийн зүүн бүсэд шинэ агуулахын бүтээн байгуулалтыг эхлүүлж, хүүхдэд зориулсан жимсний нухашны тоног төхөөрөмжөө шинэчилжээ.

2019 онд “Монос хүнс” компани IPO хийж, Монос группийн анхны хувьцаат компани болсон бөгөөд үүнээс хойш MFC 1.0, MFC 2.0 зэрэг үйлдвэрлэлийн томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүлэн, одоогоор нийт 72 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.
Анх хоёр хүний бүрэлдэхүүнтэй эхлүүлж байсан “Монос хүнс” ХК одоо 280 гаруй ажилтан, 16.000 гаруй хувьцаа эзэмшигчтэйгээр салбартаа тэргүүлэгч компани болоод байна.
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн аж ахуйн нэгжүүдэд үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэх, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, ажлын байр бий болгох зэрэг боломж олгож байгаад компанийн удирдлагууд талархал илэрхийллээ.
Мөн онтой харьцуулахад ажилчдын цалин 50 хувь, ажлын байр 20 хувиар нэмэгджээ.


“Экос” брэнд бүтээгдэхүүний хуванцар савлагааны жинг 30 хувь бууруулснаар жилд 172 тн хуванцар хэрэглэхгүй болсон байна.
Тус компани мөн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 1,000 мод бүхий “MFC төгөл” байгуулж, компанийн эзэмшлийн талбайд 700 гаруй мод тарьж, ургуулж байна.
Хүүхдэд ээлтэй, сэтгэлзүйн дэмжлэгтэй эмчилгээний орчин бүрдүүлэхээр 2022 оноос Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Гэмтэл, согог судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн “Тусгай хэрэгцээт хүүхдэд зориулсан эмчилгээний өрөө”-г бүрэн засварлан тохижуулж, хүлээлгэн өгсөн.
Ингэснээр жил бүр 2,000–13,000 гаруй хүүхэд, тэдний асран хамгаалагч эмчилгээний өмнө болон дараах хугацаанд тав тухтай орчинд байх боломж бүрджээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хувьсгал”-д нэгдэн үйлдвэрлэлээ өргөтгөж, олон мянган ажлын байр бий болгон, татвараа төлж байгаа аж ахуйн нэгж, баялаг бүтээгчдэд талархал илэрхийллээ.
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд 3,000 гаруй аж ахуйн нэгж 1.2 их наяд төгрөгийн урт хугацаатай, бага хүүтэй зээл аваад байна.
“Хүнсний хувьсгал”-ын дүнд 53 үйлдвэр ашиглалтад орж, зөвхөн нэг жилд 44 мянган ажлын байр бий болоод байна.





