

УИХ-ын нэр бүхий гишүүд улсын төсвийг наймаалцлаа, цөөнхийн бүлгийн тойргоос сонгогдсон гишүүдэд 1.1 их наядын хөрөнгө оруулалт тавилаа гэх зэргээр цаанаас бэлдэж өгсөн гэмээр адилхан утгатай мэдэгдэл хийв. УИХ-ын гишүүд чуулганы танхимд хэлсэн үгийнхээ төлөө хариуцлага хүлээдэггүй гэх хуулиар гул барьж гишүүд улсын төсвөөр улстөржиж байгаа нь өнөөх л дуусдаггүй өс хонзонгийн үргэлжлэл. Засгийн газрыг Үндсэн хууль зөрчиж хуйвалдаанаар огцруулах гэсэн П.Сайнзориг, Х.Баасанжаргал, А.Ариунзаяа нарын гишүүд манлайлж яваа нь тэдний зорилгыг шууд илтгэж байна. Цэцээс Үндсэн хууль зөрчсөн гэж тогтоосон Х.Булгантуяаг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татахгүй байх шахалт үзүүлж, шантааж хийж байгааг Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуяг тэргүүтэй гишүүд ил цагаан хэлсэн байна лээ.
Шинэ хууль, шинэ дэгээр 2026 оны улсын төсвийг Засгийн газраас 9-р сарын 1-нд УИХ-д өргөн барьдаг болсон. Энэ дагуу энэ жил анх удаа улсын төсвийн олон нийтийн саналыг тусгаж, парламентад өргөн барьсан, хэлэлцэхийг гишүүдийн олонхоор шийдсэн. Хэлэлцэхийг дэмжсэн тэр цаг мөчөөс эхлэн улсын төсөв УИХ-ын мэдэлд бүрэн шилждэг. Улсын төсвийг хэлэлцэж батлах нь УИХ-ын хэнтэй ч хуваалцашгүй онцгой бүрэн эрх гэж ойлгож болно. Албан тушаалаар барьцаалж, УИХ-ын бүрэн эрхэд халдах гэвэл дахиад л Үндсэн хууль зөрчинө гэдгийг жагсаалтаар сонгогдсон эдгээр гишүүдэд яаж ойлгуулмаар юм бэ. Хууль зөрчсөн хүний ял, зэмийг улсын төсвөөр наймаалцдаггүй.
Хувийн хонзондоо шатахдаа төрийн ажлыг гацааж, төсвийн хэлэлцүүлгийг бойкотлох эрх хэнд ч олгогдоогүй. Ард нь улсын эдийн засаг, нийгэм, цалин тэтгэвэр хүлээгдэж байхад төсвөөр барьцаалан шантааж хийж болох уу даа. Төсөв барьцаалаад байгаа нэр бүхий гишүүд Үндсэн хууль зөрчсөн бурууг бусдаас хайж, элдэв сүржин мэдэгдлээр популизм хийхийн оронд төсвөө хугацаанд нь баталж, цалин, тэтгэврээ нэмүүлэхээр хоног тоолон хүлээж байгаа эмч, багш, ахмадуудыг хүндлэх үүрэгтэй. УИХ-ын гишүүн нийт ард түмний эрх ашгийн төлөө ажиллана гэж тангараг өргөснөө ганц хором ч умартах ёсгүй шүү дээ.
