

Эрүүл мэндийн салбарынхан ажил хаялт хийхтэй холбоотой ЭМ-ийн салбарын ҮЭ-ийн холбооноос мэдээлэл хийлээ. Ч.Нарантуяа: Хүний амь авардаг эмч, ажилтны цалинг 15хан хувиар нэмж байгаа нь биднийг доромжилж байна. ЭМ-ийн салбарынхан ажил хаяж чадахгүй гэж бодож байвал эндүүрэл шүү.
Хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд ажил хаяад иргэд, эмнэлэгт эрсдэл, хохирол гарвал тэр хохирлыг цалин нэмэхгүй гацааж байгаа төр засаг, УИХ хариуцаарай гэж анхааруулж байна.
МҮЭХ-ны ерөнхийлөгч Э.Тамир "Ажил хаялтаас гарах үр дагавар, эрсдэл хэмжээлшгүй. Үүнээс гарч байгаа үр дагаврыг хуулийн дагуу төр засаг, ажил олгогч үүрнэ. Эрүүл мэндийн албан хаагчид ажил хаяж чадахгүй гэж байх шиг байна. Ажил хаялт эхлээгүй байгаа үед зөвшилцлөө хийгээчээ. УИХ-ын гишүүдийн үндсэн эрх үүрэг юу юм бэ. УИХ-ын гишүүд зам, гүүр барих зорилгоор ард түмний элч төлөөлөгч болж суугаагүй юм. Улс орны хэмжээний ард түмэнд ээлтэй орчин бүрдүүлэх, хуулийн манаанд зогсох ёстой. Харамсалтай нь өнгөрсөн баасан гарагийн чуулганд улс орон даяар өөрийн тойрогтоо нэг км зам, соёлын төв байшин барихын тулд хамаг лобби, улс төрийн нөлөөллөө ашиглаж байна.
Улс оронд зам, барилга хэрэгтэй нь хэрэгтэй ч харамсалтай нь тэр байшин барилгад ажиллах хүн байхгүй байна. Ажил хаялт хэрэв үр дүнд хүрэхгүй бол нийтээр ажлаа өгөхөд бэлэн байна. Өөрийн тойрогт тавьсан хөрөнгө оруулалтаа хасаад эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалт хийгээчээ" гэлээ.
Их эмч н.Норжмаа: Би 126 гишүүнд хандаж үг хэлмээр байна. Сонгогдсон тойрогт бүрт өрхийн эмнэлэг байгаа. Тэр өрхийн эмнэлэгт 8-15 эмч сувилагч ажилладаг. Манай тойргийн , манай сумын эмнэлэг ажил хаяхгүй байна гэж бодож байх шиг байна. Та бүхэн барилга барихаа болиоч ээ. Зам тавихаа болиоч ээ. Та нар тэвчиж болох зардлаа хасаад эмнэлэг, эрүүл мэндийн салбартаа анхаарлаа хандуулаачээ.
Эмч ажил хаявал өвчин амь орно гэх үг сэтгэл эмзэглүүлсэн. Улаанбурхан өвчний халдвар гарсан ид дэгдэж байна. Бид ажил хаясан үед улаанбурхан, бусад бүх халдварт өвчин амь орох нь байна. Үүнийг та нар юу гэж бодож байна вэ" гэлээ.
