

Ахмадын тэтгэврийн асуудлаар суулт зарлаж буй ахмадууд мэдээлэл хийж байна. Ахмадын төлөөлөл "Би Увс аймгаас ахмадын суултыг дэмжиж ирлээ. Сангийн сайд Б.Жавхланд хандаж хэлмээр байна. 689 мянган төгрөгийн тэтгэвэр авч байгаа ахмадуудынхаа тэтгэврийг 20, 50 хувь нэмж чадахгүй байна. Х.Ганхуяг ахмад настан , ард иргэдээ хүндэтгэхгүй байна. Манай их хуралд ёс зүйн хороо гэж байна уу. Та нарыг сонгосон бид нар гомдолтой байна. УИХ-ын гишүүнээр сонгогдсон Б.Заяабал , Б.Болормаа яагаад дуугарахгүй байгаа юм бэ.
Та нар том компанийг дэмжээд, мэдээгүй байхад дансанд нь мөнгө орж ирсэн гээд сууж байх юм. Гэтэл бид 689 мянган төгрөг амьдралд хүрэлцэхгүй байна.
Эхний ээлжид ахмадын тэтгэврийг нэг сая төгрөг, дараагийн ээлжид 1.5 сая болгоод өгчих. УИХ-ын гишүүд ард түмэндээ үйлчилж чаддаг баймаар байна. Зөвхөн юм хулгайлах сэдэлтэй хүмүүс л сууж байгаа юм. Ногоон лааз барьчихаад их хурал хуралдаж байдаг юм уу. О.Цогтгэрэлээ чи яагаад сөрөг хүчний ажлаа хийж чадахгүй байна. Манай баруун бүсээс гарсан гишүүд ихэвчлэн хүүхдийн мөнгө хасах дээр зөвшөөрсөн байна лээ.
Төсвөө хугацаанд нь баталж чадахгүй бол ирэх онд дахин сонгууль хийнэ гэж байна. Тэгвэл 2024 онд гарсан сонгуулийн зардлыг 126 гишүүн өөрсдөөсөө гарга. Энэ бол татварын мөнгө. Өнөөдөр 289 мянган ахмад өлсч, даарч, өвдөж , ядарч, цөхөрч байна.
н.Цэрэнлхам: Хамгийн өндөр тэтгэвэр авдаг гурван саяас дээш тэтгэвэр авдаг 1042, 8172 хүн хоёр саяас дээш байна. 574400 хувь тэнцүүлсэн, тэтгэврийн доод хэмжээг дийлэнх нь авч байна. УИХ-ын гишүүн байснаар өдөрт 233 мянган төгрөгийн цалин авч байгаа хүн биднийг ойлгохгүй байна. Багш, эмч, тэтгэврийн мөнгө нэмье гэхээр хүүхдийн мөнгө хасъя гээд байдаг. Би олон ач зээтэй. Тэд нар тэр мөнгөөр амьдарч байна. Ард түмний буянгаар дээшээ гарсан хүмүүс хамгийн өндөр тэтгэвэр авч байна. Н.Багабанди "Оюутолгойн" ТУЗ-д байхдаа нэг үг дуугарахыг нь би хараагүй. Гэтэл хамгийн өндөр цалин авсан" гэлээ.
