

Хотын орлогч дарга А.Амартүвшингээс цаг үеийн асуудлаар тодрууллаа. Тэрээр "Энэ жил 33 сургууль, цэцэрлэг барихаар газрын асуудлыг нь шийдээд төслийг Боловсролын яаманд өгснөөс хоёр нь л суусан. Нийслэлийн төсөвт 11 сургууль цэцэрлэгийн барилга барихаар ажиллаж байна. Иймээс ирэх жил дахиад л сургууль цэцэрлэгийн хүртээмж, анги дүүргэлтийн асуудал яригдана. Ирэх жилийн төсөвт 26 тэрбум төгрөг дахин сургууль цэцэрлэгийн сандал ширээ, зөөлөн эдлэлд тавигдаж байгаа нь хаанаа ч хүрэхгүй. Яг одоо 17 сургууль, цэцэрлэгийн сандал ширээ дутагдалтай байна. 26 анги ажиллах ёстойгоос ч 15 ажилладаг. Ирэх жил энэ ангиудыг дүүргэж, 36 сургууль цэцэрлэг шинээр ашиглалтад орно гэж үзвэл 26 тэрбум төгрөг хүрэхгүй.
Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа 376 цэцэрлэг 178 сургууль байгаа ч 55 хувь нь 16 жилээс дээш насжилттай. Их засвар орохоос өөр аргагүй ч ирэх жилийн улсын төсөвт нэг ч сургуулийн их засварын төсөв суугаагүй.
Бид 84 сургууль цэцэрлэгийн барилгын ажил барихын зэрэгцээ 100-150 сургууль, цэцэрлэгийн их засварын ажил шийдэж байж сургууль цэцэрлэгийн хүртээмж хэвийн байдалтай явна. Сургууль, цэцэрлэг яаралтай барих шаардлагатай 33 байршил байна. Төвлөрөл ихтэй хотхонууд болон Яармаг, БЗД байна" гэлээ.
