

Өнгөрсөн хугацаанд Боловсролын зээлийн сантай холбоотой иргэдийн ихэвчлэн ирүүлдэг гомдол саналтай холбоотой тус сангийн Ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Сийлэгмаа мэдээлэл өглөө. Тэрээр "Бид шаардлагаа л тавина. Шаардлагад нийцээгүй хүмүүст гомдол үүсч төрийн албан хаагчтай зүй бусаар харьцдаг. Манай гол тавьж байгаа шаардлага гадаадад үндсэн ангийн суралцагчаар элссэн байх, ахисан түвшинд суралцаж байгаа бол дэлхийн ТОП-20 сургуульд байвал мэргэжил харгалзахгүй, 21-ээс хойш бол эрэлттэй мэргэжлээр элсэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд мэргэжил харгалзахгүй, ТОП-100 шалгуурыг тооцдоггүй. Гэтэл хөгжлийн бэрхшээлтэй иргэд гадаадад сурах шалгуур хангаагүй байж БЗС-аас зээл авахаар хүсэлт гаргадаг.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн санхүүгийн дэмжлэг дээр нэг иргэнд дунджаар нэг тэрбум орчим төгрөгийн санхүүжилт шаарддаг. Дотоодод 11 сая төгрөгийн санхүүжилт шаарддаг. Бид аль болох олон хүн суралцах боломжийг эрэлхийлдэг.
Энэ жил журмын шаардлага хангасан хөгжлийн бэрхшээлтэй зургаан оюутанд 1.2 тэрбум төгрөгийг зарцуулсан.
Оксфордод тэнцсэн хүүхдийн ээж бидэнд гомдол гаргасан. Шалгаад үзэхэд тухайн хүүхэд сонгон шалгаруулалтын системд бүртгүүлээгүй байсан. Бид системд бүртгүүлсэн хүүхдийн хүрээнд сонгон шалгаруулалт хийнэ. Сонгон шалгаруулахдаа дараах журмыг бид мөрдсөн. Үүнд, журамд заасан хугацаанаас хоцроогүй хүнийг шалгаруулна. Сонгон шалгаруулалтын ажлын хэсэг 13 хүний бүрэлдэхүүнтэй байна. Энэ жил сонгон шалгаруулалтыг цахимаар зохион байгуулсан.
Иргэд өөрсдийнхөө хүүхдийг л мундаг сайн гэдэг ч ТОП-100 сургуульд тэнцдэг хүүхэд олон байна. Эдгээр хүүхдээс сонгон шалгаруулах ажлыг бид хийдэг.
Ерөнхийлөгчийн тэтгэлэг авсан хүүхдийн тухайд дүнгээ ирүүлэхгүй байна. Английн тэтгэлгийн хүүхдэд бүтэн жилийн төлбөрөө авна гэдэг. Бүтэн жилийн төлбөрөө төлөөд гуравхан хичээл сонгож байна.
Ерөнхийлөгчийн тэтгэлгээр 1100 хүүхэд сурч байгаагаас 997 нь идэвхтэй сурч, 39 нь хангалтгүй сурч, сургуулиа хаяснаас зогсоосон. Доод тал нь 11 дээд тал нь 450 сая төгрөгийн өр энэ хүүхдүүдэд үүссэн. 39 сурагчдыг шүүхэд хандах уу, албан тушаалтантай холбогдох уу гэдэг дээр асуудал үүсч байна.
Гэрээ дүгнээд дүнгээ явуулахгүй байгаад гол асуудал үүсч байна. Баримтын бүрдэл хангаагүй бол тэтгэлгийг зогсооно. Одоогийн байдлаар 100 тэрбум төгрөг зарцуулсан. Ирэх жил 70 орчим тэрбум төгрөгийг ерөнхийлөгчийн тэтгэлгээр олгохоор төлөвлөөд байна" гэлээ.
