

Өнөөдөр толгойтой бүхэн тавантолгойн талаар мэтгэлцэж, бүгд геологич, эдийн засагч, улс төрч гэмээр хоорондоо талцаж суугаа. Тиймээс ч энэхүү маргаан мэтгэлцээнийг мухарлахаар тухайн үед шийдвэр гаргаж байсан Засгийн газрын тэргүүн асан С.Баяр “Тавантолгойн цагаан толгой” номд 2006 оноос хойшхи ЗГ-ын тогтоол, протокол шийдвэрийн тухай баримттай нь нийтэлжээ.
Тавантолгой бүлэг ордын тухайд 2005 онд тус ордын зургаан лицензийг “Энержи ресурс” эзэмшиж байснаас 2006 оны 6.7-нд Ашигт малтмалын тухай хуулийг хэлэлцэж, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод төрийн оролцоо, эзэмшил тогтоох ялгаатай зохицуулалтыг баталсан. 2007 онд стратегийн ач холбогдол бүхий 15 ордыг тодорхойлж, ЗГ-ын тогтоол гарч улмаар 2008 онд “Энержи ресурс” компанийн эзэмшиж байсан зургаан лицензийн тавыг нь төрийн мэдэлд буцаан авч, нэгийг нь тус компанид үлдээсэн. Өөрөөр хэлбэл шинээр ямар нэгэн лиценз олгоогүй, харин төрийн мэдэлд 96 хувийг буцаан авсан асуудал билээ.
Энэ цаг үеэс эхлэн стратегийн орд дахь хувь эзэмшлийн маргаан дэгдэж, өнөөдрийг хүртэл дуусаагүй байна. Тавантолгойн гол хэсэг нь Цанхи. Бүх нөөцийн дийлэнх нь тэнд байгаа байх шүү. Нөөцийн 2-3 тэрбум лав Цанхид байгаа. Тэгээд коксжих нүүрсний ихэнх хувь тэнд байгаа. Өрөм гэж хэлж болно хэмээн доктор, профессор С.Авирмэд "Тавантолгойн түүх" нэвтрүүлэгт хэлсэн байдаг.
Ухаа худагийн эзэмшиж буй дөрвөн хувь коксжих чанартай ихээхэн нүүрсний нөөцтэй ч олборлоход хүндрэлтэй тогтоцтой. Цанхийн хэсэгтэй харьцуулахад нүүрсний давхарга 5 хүртэл метр өргөнтэй, байгалийн хугарал, ан цав, исэлдсэн нүүрсний үе давхарга ихтэйгээс ашиглах явцад илүү нарийн судлах шаардлага үүсдэг нь олборлолтын зардал ихэсгэнэ хэмээн уул уурхайн салбарынхан үздэг байна.
Салбарын хүн нь ийнхүү дөрвөн хувь бол өрөм бишээ хэмээн баталсаар байтал улс төрчид юунд шунан улайрч, төрийн хийж чадаагүй бүтээн байгуулалтын бурууг хувийн хэвшил рүү чихнэ вэ?
“Энержи ресурс” ХХК “Ухаа худаг” ордыг ашиглалтад оруулснаас хойш 2009-2024 оны хооронд 2.6 их наяд төгрөгийн татвар, хураамжийг улс, орон нутгийн санд төвлөрүүлжээ. Мөн Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тайланд тусгаснаар сургууль, цэцэрлэг эмнэлэг болон орон нутагт 133 тэрбум төгрөгийн хандив, тусламж, дэмжлэг үзүүлжээ. Эдгээрийг нийтэд нь тооцвол дөрөвхөн хувийг эзэмшиж буй “Ухаа худаг” төслөөс улс, орон нутгийн хөгжилд 2.7 их наяд төгрөгийн үр өгөөж хүртсэн байдаг.
Уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа “Тавантолгойн бүлэг ордын 96 хувийг улс авсан. Гэтэл баялгийг ард түмэнд авчирлаа гээд баялгийн өгөөжийг ард иргэд хүртсэн үү. Энэ орлогоор ард иргэдэд хэрэгтэй өгөөжтэй зүйл хийсэн үү. Өнөөдрийг хүртэл ямар их хулгай төрийн өмчит компанид нүүрлэсэн байгааг улс төрчид ярьж байна. Төрд авснаараа иргэдийн байгалийн баялгийг эзэмших боломж бүрдэнэ гэсэн ч төрд орсон баялаг бүгд хулгайн замаар орсон байна” гэсэн юм.
Үнэхээр ч төр хамгийн муу менежер гэдгээ баталж, төрийн өмчит компаниуд бүгд үеэ өнгөрөөсөн улс төрчдийн “амралтын газар” болчихоод улсаас татаас нэхэн ашиггүй ажилладаг. Хэрэв тавантолгойн бүлэг орд 100 хувь төрд очсон бол хувийн хэвшлийн өнөөдрийг хүртэл төлсөн 2.5 их наяд төгрөгийн татвар улсад орохгүй, нүүрс угаах баяжуулах үйлдвэр ашиглалтад орохгүй байх байлаа. Баялгийн тэгш хуваарилалт, төмөр замын тээвар, баяжуулах үйлдвэрийн тухай төр 30 жил ярьсан ч ярихаас цааш хэтрээгүй.
Өнөөдрийг хүртэл төрийн хийж “гийгүүлсэн” зүйл нь мухар төмөр зам, иргэддээ тараасан "Эрдэнэ тавантолгой"-н “амьгүй” 1072 хувьцаа билээ. Ийм атал юунд дөрвөн хувь нь өрөм мэтээр хувийн хэвшлээ харлуулж, ард иргэдийг турхирна вэ?
