m.mn
түрүүлж мэдээлнэ
Эдийн засаг
2025.11.11 16:00
470
ЭМДС шүүрэн шанага шиг болоход эмч нарын нөлөө их үү, улс төрчийн нөлөө их үү?

Эмч нар юу юугүй ажил хаялт зарлах нь. Ажил хаялт зарлахаас өмнө гэрээ хэлэлцээрээ хийе хэмээж эмнэлгийн ҮЭ хэлж байгаа ч ЗГ,  УИХ-ын гишүүд 15 хувийн нэмэгдлээс өөр төсвийн орон зай байхгүй гэдэг дээр хатуу зогсчээ.  Улс мөнгө байхгүй гэж байгаа ч тойргоо услахад, бүсийн хөгжилд, зам барилгад 300 гаруй тэрбум  төгрөг гараад ирсэнд УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очироос эхлээд эмч нар бүгд гайхсан. Иймээс эмч эмнэлгийн байгууллагын ажилтнууд “Биднийг ажил хаялт зарлаж чадахгүй хэмээн басч байвал эндүүрэл шүү.  13-нд ажил хаялт хийдгээрээ хийнэ” хэмээн мэдэгдэж байна.

Нөгөөтэйгүүр Эрүүл мэндийн сайд, УИХ-ын гишүүн Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуяг “ ЭМДС-аа цэгцэлснээр цалин илүү их нэмэх боломж бүрдэнэ. Даатгалын сан өөрөө шүүрэн шанага шиг байгаатай холбоотойгоос мөнгө нэмээд ч нэмэргүй, үргүй зардал гарч байна. ЭМДС өвчтөнд хүрэхгүй, гүйцэтгэлийн санхүүжилтээр цалинждагаас эмч нарт нэмэгдэл болж очихгүй байна”  гэх  тайлбарыг өгч байна.

 Их эмч н.Мөнхбатын хэлснээр “ЭМДС-д хулгай их байна. Иймээс энэ санг үргүй зараад байна гэж зарим УИХ-ын гишүүд яриад байна. Тэр  хулгайгаа та нар өөрсдөө илрүүл. Тэр хулгайг эмч нар илрүүлэх шаардлагагүй” гэх үнэн үгийг цөөн үгээр хэллээ. ЭМДҮЗ-ийн томилгоог хэн хийж, ЭМДС-д хэн хяналт тавих ёстой вэ. Өнөөдрийг хүртэл ЭМДС өр төлбөртэй явж ирсэн нь буруу томилгоо, улс төрийн буруу шийдвэртэй зуун хувь хамаатай. Хулгай дээрмийг улс төрчид өөрөө хийдэг ч эцэст нь энэ сангаас болж эмч эмнэлгийн ажилтны цалинг нэмэх боломжгүй гэх тайлбар нь өөрөө хэр оновчтой байна вэ.