Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар нийслэлийн Эрүүл мэндийн газар, дүүргийн Эрүүл мэндийн төвтэй хамтран “Өөрчлөлтийг өөрөөсөө” сэдэвт сургалтыг нийгмийн ажилтан, хэсгийн ахлагчдыг оролцуулан зохион байгууллаа.
Сургалтыг гэр бүл төлөвлөлт, нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаар мэдлэг, ур чадвар, хандлага, үнэт зүйлийг төлөвшүүлэх агуулгын хүрээнд “Хамтдаа” ТББ-ын тэргүүн , Бэлгийн цогц боловсролын үндэсний эксперт, Жендэрийн Үндэсний хорооны сургагч багш Ш.Галбадрах удирдан явууллаа. Үр хөндөлтийн тохиолдол 2024 онд 12676 бүртгэгдсэн бөгөөд үүний 9759 нь лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагад бүртгэгдсэн байна.
Дүүрэг бүр дэх нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдэд жирэмсний эрт хяналтад эрт орохын ач холбогдол, гэр бүл төлөвлөлт, үр хөндөлтөөс сэргийлэхтэй холбоотой мэдээлэл сурталчилгаа хүргэхэд хүн амын шилжилт хөдөлгөөнөөс шалтгаалсан бүртгэл, мэдээллийг сайжруулах нь чухал. Иймд хорооны хэсгийн ахлагч, нийгмийн ажилтны оролцоо нь эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудалд онцгой чухал ач холбогдолтой юм. Эрүүл мэнд гэдэг нь зөвхөн өвчин эмгэггүй буюу эрхтэн бүрэн бүтэн байх төдийг хэлэх бус, бие бялдар, оюун санаа, нийгмийн хувьд төгс, түвшин байхыг хэлдэг байна.