Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
2025.11.12 10:09
211
Засгийн газар хооронд "нийгмийн хамгааллын хэлэлцээр" байгуулах хэлэлцээ хийгдэж байна
Монгол Улсын Засгийн газраас хилийн чандад оршин суугаа иргэдийн эрх ашгийг хамгаалах хүрээнд монгол иргэд олноор ажиллаж, амьдарч буй улс орнуудтай нийгмийн хамгааллын хоёр талт хэлэлцээрүүдийг байгуулан ажилладаг.
Манай улс ОХУ, БНСУ, Унгар Улс, Бүгд Найрамдах Польш Улс, Бүгд Найрамдах Турк Улс, Бүгд Найрамдах Чех Улс, Бүгд Найрамдах Казахстан улс гэсэн 7 улстай нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулан, хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Австралийн Холбооны Улстай “Нийгмийн хамгааллын хэлэлцээр” байгуулахаар 2024 оноос ажиллаж байгаа бөгөөд талууд Улаанбаатар хотноо 2025 оны 11 дүгээр сарын 10-13 өдрийн хооронд биечилсэн хэлэлцээг зохион байгуулж байна.
Хэлэлцээг нээж Монгол Улсын Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир, Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд эрхэмсэг ноён Лео Зэнг нар хэлсэн үгэндээ нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулагдсанаар хоёр улсын хооронд шилжин амьдарч буй иргэдийн нийгмийн хамгааллын баталгааг хангахад чухал ач холбогдолтойг онцоллоо.
Энэ удаагийн хэлэлцээг Монгол Улсын талаас тус яамны Нийгмийн даатгал, хуримтлалын сангийн бодлогын газрын дарга В.Рэнцэнханд, Австрали Улсын Нийгмийн үйлчилгээний яамны Оршин суух болон олон улсын төлбөрийн газрын дарга хатагтай Кэйт Юил ахлан ажиллаж байна.
Австрали Улсад 22 мянган гаруй Монгол иргэн оршин сууж байгаа мэдээлэл байна