Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Эхчүүдэд зориулсан төрөлжсөн нийгмийн цогц үйлчилгээг төр, хувийн хэвшилтэй хамтран хэрэгжүүлнэ” гэж заасны дагуу Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Тиймээс манай улс эх, хүүхэд, гэр бүлийг дэмжих, төрөлт, хүн амын өсөлтийг тогтвортой нэмэгдүүлэх, ажил ба амьдралын тэнцвэрийг хангах бодлого хэрэгжүүлэх нь чухал асуудал болсон. “Гэр бүлийг дэмжих тухай хууль”-ийн төслийг боловсруулж, санал авч байгаа бөгөөд уг хуулиар аймаг, дүүрэг бүрт гэр бүлийн хөгжлийн цогц төв байгуулахаар тусгасан. Тус төвөөр дамжуулан эхчүүд, эмэгтэйчүүдийн хэрэгцээнд нийцсэн нийгмийн цогц үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилготой. Хөтөлбөр нь зөвхөн мэдээллээр хязгаарлагдахгүй, эмэгтэйчүүдийн сэтгэлзүйн дэмжлэг, орлого нэмэгдүүлэх, бизнес эрхлэх ур чадвар, амьдралын ухаанд суралцах зэрэг өргөн агуулгыг хамрах юм байна.