

МҮЭХ-ны ерөнхийлөгч Э.Тамираас эмч нарын ажил хаялттай холбоотой тодруулга авлаа. Тэрээр "Ямар нэгэн байдлаар иргэн хүний амь насанд эрсдэл учруулахгүй байхыг дотооддоо хичээж байна. Хууль ёсны ажил хаялт зарлаж байгаа энэ үед хуулиараа бол гарах эрсдлээс урьдчилан сэргийлэх ажлыг төр хариуцах ёстой. Эрүүл мэндийн байгууллагад шинжилгээ өгөх нь оройтсоноос эхлээд эрсдэл үүсэхийг үгүйсгэхгүй. ЭМДС хөрөнгийг төр захиран зарцуулж байгаа. Төр ард иргэдийн шимтгэлээс бий болж байгаа орлогыг захиран зарцуулж байна. Шүүрэн шанага шиг болгосон хүн нь эрх баригч нар өөрсдөө. Өөрсдийгөө шалгаад сахилга бат сайжирч байвал сайн байна. 2025 онд ЭМДС-ийн төсвийн хэмжээ 2.2 их наяд байлаа. Одоогийн батлагдах гэж байгаа төсөв мөн энэ дүнгээр байна. 2.2 их наядаар хэр их тусламж үйлчилгээ үзүүлэв гээд үзвэл бүх эмнэлэг хязгаарлалттай үзүүлсэн. Бүх эрүүл мэндийн байгууллагууд өөрсдөө ЭМД-ийн шимтгэлийн өртэй болсон. Одоо байгаа цалингаа цаг тухайд нь тавихад хүндрэл үүссэн. Ийм байхад ирэх онд яг тэр төсвөөрөө, дээрээс нь эмнэлгийн ажилтны цалинг нэмнэ гэж байгаад маш их эргэлзэж байна. Санхүүгийн эх үүсвэрийг хэрхэн бүрдүүлэх нь төрийн ажил л даа" гэлээ.
