

Монгол улсад сүүлийн жилүүдэд барилгын салбар эрчимтэй хөгжихийн зэрэгцээ байгаль орчин сүйдэх, агаарын бохирдол нэмэгдэх эрсдэл нэмэгдэж буй. Иймд байгальд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй барилга барих, ногоон технологи нэвтрүүлэх эн тэргүүний асуудал болсон. Дэлхий нийтээрээ ногоон хэв маягт шилжиж буй энэ үед манай барилгын салбар ч мөн зөв жишигт шилжиж байна.
Өнгөрсөн онд манай орны байгаль цаг уурын онцлогт тохирсон ногоон барилгын “BestGER” үнэлгээний системийг боловсруулсан.
Ногоон барилгын үнэлгээний систем батлагдсанаар Монгол Улс өөрийн гэсэн дотоод орчны агаарын хувьд чанартай, эрчим хүч, ус болон бусад байгалийн баялагт хэмнэлттэй үндсэн үзүүлэлттэй болсон. Ингэснээр ногоон барилгын үзүүлэлтийг хангаж баригдсан барилга байшинд амьдарч байгаа хүмүүсийн орчин нөхцөл сайжирч, хүрээлэн буй орчин илүү цэвэрхэн болж, бохирдол багасна.
Нөгөө талаар ажлын бүтээмж өндөрсөх юм. Жишээ дурдахад эрчим хүчний хэмнэлттэй ногоон барилгад амьдарч байгаа хүн хөлсгүй хөдөлмөрт зориулдаг цагаа 90 хувь хэмнэдэг гэсэн судалгаа байдаг.
Азийн Хөгжлийн Банкны судалгаагаар монгол эмэгтэйчүүд 4 цаг 50 минутыг хөлсгүй хөдөлмөрт зориулдаг бол үүнийг 90 хувь хэмнэх ажээ. Өөрөөр хэлбэл, гал түлэхийн тулд нүүрс, түлээ, үнс цэвэрлэн цаг алдахгүй болж, тэр хугацааг өөртөө зарцуулах, өөрийгөө хөгжүүлэх, мөн баялаг бүтээх, орлого олох, эсвэл амрах боломж нээгдэнэ гэсэн үг юм.
Ногоон барилга гэдэг нь хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөөгүй, эрчим хүч бага шингээсэн материал ашигласан, эрчим хүчний хэмнэлттэй, цэвэр усны хэмнэлттэй, саарал усыг хэрэглэдэг зэргээс гадна оршин суугчдад тав тухтай орчныг бүрдүүлсэн, хүртээмжтэй, дотоод агаарын чанар сайн, газар хөдлөлт, галд тэсвэртэй бат бэх байх гэхчлэн олон талт асуудал багтаасан барилга байгууламж юм.
Өнөөдөр манай улсад утаа, хөрс, орчны бохирдол ноцтой түвшинд хүрсний зэрэгцээ, олон амины орон сууц, барилгад цууралт үүсэж, эдийн засгийн эргэлтэд орохгүй зогсонги хөрөнгө ихээхэн хэмжээгээр бий болсон байгаа нь ногоон барилгын хэрэгцээ шаардлага нэн өндөр байгааг илтгэж байна.
Ногоон барилга гэж ямар барилгыг хэлэх вэ?
Дэлхий нийт Ногоон Барилга гэдэгт доорх шалгуурыг агуулсан барилгуудыг тооцдог. Үүнд:
-Ус, дулаан болон бусад нөөцүүдийг хэмнэлттэй ашигласан. ( Усны, дулааны хэмнэлт бүхий тоног төхөөрөмжүүдийг суурилуулсан )
-Нөхөн сэргээгдэх эрчим хүч ашигласан, нарны энерги хураагуур бүхий эрчим хүч ашигласан байж болно.
-Агаарын бохирдол болон хог хаягдлын менежмент нэвтрүүлсэн
-Дотор агаарын чанарыг сайжруулах тоног төхөөрөмж бүхий
-Хүний биед хоргүй, байгаль орчинд ээлтэй материал ашигласан
-Загвар дизайндаа орчны төлөвлөлтийг тусгасан, тодорхой орчин үүсгэсэн төлөвлөлттэй байх
-Орчин суугчдын амьдралын чанарт анхаарсан төлөвлөлтийг хийсэн байх
Ямар ч зориулалтаар баригдах барилга байгууламж дээрх шалгууруудыг хангасан бол Ногоон Барилгад хамрагдана.
Судалгаагаар дэлхий даяар агаарт дэгдэж буй хүлэмжийн хийн ялгарлын 39% нь барилга байгууламж тэр дундаа материал үйлдвэрлэл, дулаан цахилгаан, ус зэргээс гарч байгаа нь статистик тоо баримтаар нотлогддог.
Хүлэмжийн хийг бууруулах түүнчлэн 0 ялгаралтай барилга байгууламж барих нь боломжтой зүйл гэдгийг олон улсын байгууллагууд, салбарын судлаачид мэргэжилтнүүд үзэж байгаа бөгөөд үүнд хүрэх гол шийдэл нь НОГООН БАРИЛГА гэдгийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч салбарын чиг хандлага энэхүү шийдэл рүү явж байна.
