

Улс төр халах бүрд хувийн хэвшлийн үйл ажиллагаа руу халдаж, олон нийтийн анхаарлыг худал мэдээлэл рүү чиглүүлэх байдал үзэгддэг. Тэгвэл "Тавантолгойн Цагаантолгой" товхимолд “Энержи Ресурс” ХХК-ийн татвар төлөлтийн талаар ийн тайлбарлажээ.
2025 оны тавдугаар сарын 7-ны өдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд асан О.Алтангэрэлийн ажлын албанаас “Энержи Ресурс” ХХК- д ирүүлсэн “Тавантолгой стратегийн орд газарт холбогдох баримт бичгүүдийн эмхэтгэл”-д татвар төлөлттэй холбоотой дурдсан асуудал бүрд дараах тайлбарыг гаргажээ.
Тус эмхэтгэлд "Энержи Ресурс" ХХК нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.7 дахь заалтад заасны дагуу нэмэгдсэн өртгийн албан татвар (цаашид "НӨАТ" гэх)-ын буцаалт авдаг ба өнөөдрийн байдлаар нийт 646.7 тэрбум төгрөг (алдаатай дун)-ийг улсын төсвөөс буцаан авсан нь "алдагдсан боломж" гэжээ.
НӨАТ нь эцсийн хэрэглэгчийн төлдөг татвар бөгөөд ААН-үүд нэмүү өртөг шингээж буй суутган төлөгчийн хувиар борлуулалтаасаа эцсийн хэрэглэгчид хамаарах НӨАТ-ыг суутган тооцож уг дүнгээ өөрсдийн худалдан авалтдаа төлсөн НӨАТ-ыг хасаж тооцсоноор төлбөл зохих НӨАТ-ын хэмжээгээ тодорхойлдог. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу тухайн сарын борлуулалтад ногдуулсан НӨАТ-ын нийт дүн нь худалдан авсан НӨАТ-ын дүнгээс илүү гарсан тохиолдолд зөрүү дунг дараагийн сар руу шилжүүлэх, бусад татварын өрөнд тооцуулах, эсхүл төсвөөс буцаан олгодог.
Дээрх зохицуулалтын дагуу татварын албанаас хянан баталгаажуулалт хийдэг бөгөөд Эмхэтгэлд дурдсан 2008-2025 оны туршид тухай бур хянан баталгаажуулсны үндсэн дээр бусад татварын өрөнд суутган тооцсон байна.
Буцаан авсан гэх 690 тэрбум төгрөг нь мөн чанарын хувьд “Энержи Ресурс” ХХК-ийн бусдаас 6.9 их наяд төгрөгийн бараа, ажил, үйлчилгээ худалдан авсанд тооцсон НӨАТ бөгөөд, тэр хэрээр эдийн засаг дэх мөнгөн урсгалын нэмэгдүүлжээ.
Ухаа худаг уурхайн үйл ажиллагааг 2009 онд эхлүүлснээс хойш ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /АМНАТ/-ийг Ашигт малтмалын тухай хуулийн дагуу улсын төсөвт зохих ёсоор төлж ирсэн гэдгийг “Тавантолгойн цагаантолгой” товхимолд онцолжээ. Тодруулбал, 2024 оны жилийн эцсийн байдлаар нийт 1.27 их наяд төгрөгийн АМНАТ төлжээ.
2009-2024 оны хугацаанд ММС групп компанийн хэмжээнд 3.3 их наяд төгрөгийн татвар хураамжийг төлсөн бол Энержи Ресурс компани дангаараа Монгол улсын төсөвт 2.6 их наяд төгрөгийн татвар төлсөн байна.
Татварын Ерөнхий газраас жил бүр Монгол Улсын шилдэг татвар төлөгчийг шалгаруулдаг бөгөөд “Энержи Ресурс” компани 2011 оноос эхлэн тасралтгүй эхний 10 байранд бичигдэж ирсэн. 2024 онд TOP 4-рт бичигдсэн байна.
“Тавантолгой стратегийн орд газарт холбогдох баримт бичгүүдийн эмхэтгэл”-д “Энержи Ресурс” компани Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн шаардлагыг хангаж Улаанбаатар хотын агаарын бохрдлыг бууруулах зорилгоор төрд нийлүүлсэн нүүсний тоо хэмжээ, үнийн дүнгийн мэдээллийг тусгалгүйгээр зөвхөн “48.5 тэрбум төгрөг”-ийн чөлөөлөлт эдэлсэн мэт дүнгийн алдаатай бөгөөд дутуу мэдээллийг оруулсан байна.
“Энержи Ресурс” ХХК нь 2018-2024 оны хооронд 7 жилийн турш нийт 3,058,994,39 тонн баяжуулсан эрчим хүчний нүүрс /мидлинг/-ийг шахмал түлш үйлдвэрлэх зориулалтаар төрийн өмчит “Тавантолгой түлш” ХХК-д үнэ төлбөргүйгээр нийлүүлсэн. Энэ нь дотоодын зах зээлийн үнээр нийт 148,736,537,675 төгрөг байна.

Үүнээс гадна “Энержи Ресурс” ХХК нь үнэ төлбөргүй нийлүүлсэн нүүрстэй холбоотой НӨАТ, АМНАТ-ын 17 орчим тэрбум төгрөгийн зардлыг хариуцан төлж, тайлагнасан байна.
Дүгнэвэл, “Энержи Ресурс” ХХК нийт 148 тэрбум төгрөгийн үнэ бүхий баяжуулсан нүүрсээ үнэгүй нийлүүлж, 17 тэрбум төгрөгийн татварын зардлыг нэмж хариуцсан бөгөөд агаарын бохирдлын төлбөрийн чөлөөлөлт 30 төгрөг болсон байна.
2009-2022 онд “Энержи Ресурс” ХХК агаарын бохирдлын нийт төлбөрт 70 орчим тэрбум төгрөг төлсөн бөгөөд үнэ төлбөргүй нүүрс нийлүүлэх гэрээ 2024 онд дууссанаас хойш 2025 оноос агаарын бохирдлын төлбөрийг зохих ёсоор үргэлжлүүлэн төлж байгаа гэдгийг "Тавантолгойн Цагаантолгой" товхимолд дурджээ.

