
“Оюу толгой” компанийн хөрөнгө оруулалттай “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-ийн 6,7 тэрбум төгрөгийн санхүүжилтээр “Ханбогд суманд ус, дулаан дамжуулах тавдугаар төв байгуулах” төслийн шав тавих ёслолыг 2025.11.17-ны өдөр зохион байгууллаа. Уг төслийн хүрээнд Ханбогд сумын Баян хөөвөр, Галба хороололд ус дулаан дамжуулах тавдугаар төвийн барилга, тоног төхөөрөмж, тус төвийн чиглэлийн 1, 2-р хэлхээний дулаан, хэрэглээний халуун усны гол болон салбар шугам угсрах ажлууд хийгдэх юм.
Ёслолын үйл ажиллагаанд Ханбогд сумын Засаг дарга бөгөөд “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-ийн Харилцааны хорооны гишүүн М.Цэвээнравдан, Ханбогд сумын Засаг даргын орлогч Б.Алтангэрэл, хөрөнгө оруулагч “Оюу толгой” компанийн Орон нутгийн дэмжлэг, түншлэл хариуцсан менежер С.Дорждэрэм, гүйцэтгэгч “Шүтээн-Эрдэнэ” компанийн инженер О.Отгонсүх, тус компанийн инженер техникийн ажилчид болон нутгийн иргэд оролцоо.
“Говийн оюу хөгжлийг дэмжих сан” нь 2015 оноос хойш Өмнөговь аймгийн хэмжээнд нийт 570 төслийг 142.1 тэрбум төгрөгөөр санхүүжүүлсэн байна. Үүнээс Ханбогд суманд 640 хүүхдийн сургууль, 200 хүүхдийн цэцэрлэгийн цогцолборын барилга, Сум дундын малын эрүүл мэндийн төв, өвс тэжээлийн агуулах, үерийн далан, суваг, хог хаягдлын ландфиллын байгууламж, 2022, 2023 онд хэрэгжүүлсэн 20 гаруй километр цэвэр, бохирын шугам зэрэг 90 орчим төслийг 30 тэрбум төгрөгөөр санхүүжүүлжээ.
Орон нутгийн тогтвортой хөгжил, иргэдийн амьдралын сайн сайхны төлөө хамтран ажиллаж буй Хамтын ажиллагааны гэрээний талууд болон бусад байгууллагуудын хамтын ажиллагаанд гүн талархал илэрхийлье.