m.mn
түрүүлж мэдээлнэ
Нийгэм
2 цагийн дараа
199
С.Авирмэд: Тавантолгойн гол хэсэг нь Цанхи, "Өрөм" хэсэг гэж хэлж болно

“Тавантолгой стратегийн орд газарт холбогдох баримт бичгүүдийн эмхэтгэл”-д “Энержи Ресурс” ХХК-тай холбоотой хэд хэдэн ташаа мэдээллийг оруулжээ. Үүний нэг нь Тавантолгойн “өрөм” хэсгийг хувийн хэвшилд өгсөн гэх тухай юм.

ОАЭ-д “Ухаа худагийн нэгж талбайд ногдох нийт болон баттай нөөц нь “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн нэгж талбайн нөөцөөс их, үр ашиг өндөр, бага зардлаар олборлолт хийж болох талбайг “Энержи Ресурс” ХХК-д үлдээсэн гэсэн дүгнэлт хийжээ. Ингэхдээ уурхайн салбарт урьд өмнө нь дуулдаагүй, огт хэрэглэж байгаагүй тооцооллын аргачлалд үндэслэн ОАЭ-д буй “шинжилгээ” гэх хэсэгт дүгнэлтээ оруулсан байна. Энэ хэсэгт оруулсан харьцуулалт, тайлбар, дүгнэлтүүд нь илт мушгин гуйвуулсан шинжтэй, хэт мэргэжлийн бус байна гэдгийг “Тавантолгойн цагаантолгой” эмхэтгэлд дурджээ.

2008 оны гэрээ байгуулахаас өмнө “Энержи Ресурс” ХХК Тавантолгой орд газарт нийт 71482.3 га талбай бүхий 6 тусгай зөвшөөрөлтэй байснаас 68.522 га талбайг нь буюу 96 хувийг нь төрийн мэдэлд шилжүүлж авсан. Энэ нь хувийн хэвшлийн үйл ажиллагаа явуулж буй 2960 га-аас 23 дахин том юм.

Нөөцийн тухайд 2008 оны гэрээг байгуулах үеийн байдлаар Тавантолгойн ордод нийт 6.4 тэрбум тонн нүүрсний нөөц тогтоогдсон байсны 6 тэрбум тонн нүүрстэй хэсгийг нь төрийн мэдэлд авсан байна.

Тавантолгой ордыг тухайн үед Баруун өмнөд, Бор толгой, Зүүн, Ухаа худаг, Цанхийн хэсэгт хуваадаг байсан.

Эдгээрээс хамгийн их нөөцтэй, үндсэн цөм хэсэг нь Цанхийн хэсэг.

Мөн Тавантолгой ордын нүүрс дотроо “коксжих” чанартай нүүрсний хамгийн их нөөцтэй бөгөөд олборлоход таатай хэсэг нь мөн л төрийн эзэмшилд авсан Цанхийн хэсэг.

Цанхи бол Тавантолгой орд газрын “өрөм” гэдгийг мэргэжлийн хүмүүс хүлээн зөвшөөрдөг. Энэ тухай доктор, профессор С.Авирмэд “Тавантолгойн гол хэсэг нь Цанхи. Бүх нөөцийн дийлэнх нь тэнд байгаа байх шүү. Нөөцийн 2-3 тэрбум лав Цанхид байгаа. Тэгээд коксжих нүүрсний ихэнх хувь тэнд байгаа. Өрөм хэсэг гэж хэлж болно” гэжээ.  

2008 онд гэрээ байгуулах үед Ухаа худагийн хэсэгт тооцсон байсан 411.5 сая тонн нүүрсний нөөц нь B, C1, C2, P зэрэглэлийн түвшинд л судлагдсан, A зэрэглэлийн судалгаа хийгдээгүй байжээ. Харин төрийн мэдэлд авсан Цанхи болон орд газрын өмнөд хэсэгт 1984 оны байдлаар A, B, C1, C2 зэрэглэлээр 1.5 тэрбум тонн нүүрсний нөөц тогтоож байсан байна.

Өөрөөр хэлбэл, нөөц тогтоосон зэрэглэлээр нь авч үзвэл Тавантолгойн бүлэг ордын хүрээнд зөвхөн Цанхийн хэсгийг илүү нарийвчилсан А зэрэглэлийн түвшинд судалж, А зэрэглэлийн нөөц бодогдсон байжээ. Товчхондоо бол хэр их судалгаа хийнэ, тэр чинээгээр баттай А нөөцийн хэмжээ нэмэгддэг аж.