m.mn
түрүүлж мэдээлнэ
Live
4 цагийн дараа
155
Б.Занабазар: Ар гэрийн хайр халамж дутуу хүүхдүүд үе тэнгийн дээрэлхэлт хийж байна

СБДЦГ-ын II хэлтсийн хүүхдийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Занабазартай цаг үеийн асуудлаар ярилцлаа. 

-Сүхбаатар дүүргийн хэмжээнд он гарснаас хойш гэмт хэргийн гаралт хэдэн хувьтай байгаа вэ, он гарснаас хойш арван сарын байдлаарх дүн мэдээллийг танилцуулахгүй юу?

-СБД-ийн хэмжээнд он гарснаас хойш эхний 10 сарын байдлаар 4282 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 7.7 хувиар өссөн. Тэр дундаа хүүхэд холбогдсон гэмт хэрэг 83 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 36.6 хувийн бууралттай байна. 

-Хүүхдүүд ихэвчлэн ямар төрлийн гэмт хэрэгт холбогдож байна вэ?

-Хүүхдийн холбогдсон дийлэнх гэмт хэрэг хулгайлах, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байна. 

-Цахим орчинд үйлдэгдэж байгаа гэмт хэрэг аль ч түвшинд өсөж байгаа. Хүүхдүүд энэ түвшинд ямар байдлаар өртөж байна вэ?

-Сургуулийн орчинд үе тэнгийн дээрэлхэлттэй холбоотой гэмт хэрэг үйлдэгддэг. Цахим гадуурхалт гарч байдаг. СБД-ийн хоёрдугаарт хэлтэст ЕБС-ийн 10 сургууль бий. Сургуулийн орчинд хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг, хулгайлах, цахим орчинд үе тэнгийн дээрэлхэлт үйлдэгддэг. Сурагчид нэг нэгэн рүүгээ гутаан доромжилсон, нэгэндээ нэр хоч өгдөг, цуурхал тараах, сургуулийн группуудэд худал мэдээлэл тараах  нь цахим орчин дахь үе тэнгийн дээрэлхэлт болж байгаа юм. 

-Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг цагдаагийн байгууллагаас сургууль, эцэг эхтэй нь ямар байдлаар хамтарч ажилладаг вэ?

-Сургуулийн орчинд үйлдэгдэж байгаа үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг манайхаас сургалт, соён гэгээрүүлэх ажлыг тогтмол хийдэг. Сургууль дээр хүүхэд хамгааллын баг гэж ажилладаг. Энэ баг нь сургуулийн орчинд гарч байгаа гэмт хэрэг, зөрчил, хохирсон хүүхэд дээр хүүхэд хамгааллын хариу үйлдэл үзүүлдэг. Мөн сургуулийн сэтгэл зүйч хохирсон хүүхэд дээр, үе тэнгийн дээрэлхэлтэд өртсөн хүүхдэд сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлж байдаг. Хорооны хамтарсан баг гэж бий. Энэ баг хохирсон, эрсдэлт бүлэгт байгаа хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд хэрэг бүртгэл нээгээд хариу үйлдэл үзүүлж байдаг. Дүүрэг бүрт Хүүхэд гэр хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн гээд тал талаас хохирсон хүүхэд дээр ажилладаг. 

-Үе тэнгийн дээрэлхэлтэд өртөж байгаа хүүхдийн ар гэрийн, нийгмийн нөхцөл байдал ямар байдаг вэ?

-Үе тэнгийн дээрэлхэлт сургуулийн орчинд үйлдэгддэг. Тэгэхээр өртөж хохирсон хүүхдүүдийн ар гэрийн нөхцөл шалтгаалдаг ч сургуулийн орчинд үйлдэгдэж байгаа болохоор сургуулийн цахим гадуурхалт, бие махбодь, сэтгэл зүй, ялгаварлан гадуурхалт сургуулийн орчинд үйлдэгдэж байгаагаас сургуулийн нийгмийн ажилтлан, удирдлагын үйл ажиллагаатай холбоотой байдаг. 

-Үйлдэж байгаа хүүхдийн нөхцөл байдал ямар байдаг вэ?

-Үе тэнгийн дээрэлхэлт хийж байгаа хүүхдүүд ар гэрийн хайр халамж дутуу, гэр бүлийн харилцаа нь тааруугийн улмаас, өөрөө эсвэл багадаа дээрэлхэлтэд өртөж байсан, эрсдэлт бүлгийн, гэр бүлийн орчин хүүхэд хүмүүжлээс хамаарч үе тэнгийн дээрэлхэлт гаргаж байна.  

-Улсын хэмжээнд анхаарч, хайрлая нэртэй аяныг зохион байгуулах гэж байна. Аяны талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Хүүхдийг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр 365 хоног анхаарч хайрлая нэртэй  аяныг эхлүүлж байна. Аяны хүрээнд эцэг эх, асран хамгаалагчийн үүрэг хариуцлагыг нэмэх, хүүхэд өсвөр насны залуусыг гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлэх, хууль эрх зүйн мэдлэг мэдээлэл өгөх нь аяны гол зорилго байгаа.